Европын Сансрын агентлагийн /EKA/ инженер Михаэла Бентхаус бямба гарагт Америкийн Blue Origin компанийн New Shepard хөлгөөр 11 минутын турш сансарт нисжээ.
Михаэла Бентхаус нь 33 настай, Герман улсын Киль хотын иргэн бөгөөд 2018 онд уулын дугуйгаар аялж яваад нугасандаа гэмтэл авснаас хойш тэргэнцэр дээр суух болжээ. Хүүхэд наснаасаа эхлэн сансарт нисэхийг мөрөөдөх болсон тэрбээр эх дэлхийдээ газардсан даруйдаа “Хэзээ ч мөрөөдлөөсөө ухарч болохгүй, хэзээ нэгэн цагт мөрөөдөл биелэх цаг ирнэ гэж би боддог” хэмээсэн байна.
New Shepard хөлгийн багийн бүрэлдэхүүнд Бентхаусаас гадна 5 хүн багтсан аж.
Америкийн тэрбумтан Ж.Безосын эзэмшлийн Blue Origin компанийн зохион байгуулсан 16 удаагийн сансрын аялалд нийт 80 орчим чинээлэг хүмүүс оролцсон бөгөөд аяллын тасалбарын үнийг нууцалж байгаа аж.
