Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, бүтэц орон тоогоо цөөлөх буюу данхайсан бүтцээсээ салах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд захирлуудын орон тоог 40 хувиар бууруулж байгаа аж. Ингэснээр 2026 онд 2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэхээр тооцжээ.
Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүрэх хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг баримталж байгаа бөгөөд цаашид Хөгжлийн банкийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах үүргийг банкны Хувь нийлүүлэгч болон ТУЗ-д албан ёсоор даалгажээ.
