Тасалгааны агаар цэвэршүүлдэг 10 ургамал

Бид гэртээ байхдаа гадна орчны бохирдол, утаа зэргээс тусгаарлагдсан мэт санагддаг ч үнэн хэрэгтээ цахилгаан төхөөрөмжүүд, лак, будаг, цавуу, хуванцар, угаалгын нунтагаас ялгардаг хортой бодисууд гэрт тархаж байдаг. Тэгвэл эдгээр бодисыг сорж аваад оронд нь хүчил төрөгч ялгаруулдаг ургамлуудыг танилцуулж байна.

1. Мөнхрөө – “Sansevieria”

Мөнхрөө бол цаг агаарын ямар ч нөхцөлд ургаж чаддаг, маш тэсвэртэй гайхалтай ургамал бөгөөд нүүрс төрөгчийн хий болон формальдегидыг устгадаг.

2. Тасалгааны далдуу – “Chamaedorea”

“Chamaedorea” нь маш үзэсгэлэнтэй ургамал бөгөөд агаарыг чийгшүүлж, формальдегидыг устгадаг. Гэрийн нөхцөлд 2 метр хүртэл ургадаг.

3. Тасалгааны агар мод – “Chamaecyparis”

Агар мод нь агаараас тоосыг шүүж, цахилгаан хэрэгслээс ялгарах сөрөг ионыг устгаж, эерэг энергийг үүсгэдэг. Мөн агаарыг чийгшүүлж, бохирдлыг арилгадаг.

4. Лаурус – “Laurus”

Уг цэцэг нь агаараас тоос, нянг устгаж, төрөл бүрийн өвчлөлийг арилгадаг.

5. Зуун наст – “Aloe”

Энэхүү ургамал нь тавилганаас ялгардаг формальдегидыг арилгадаг ба дотор нь агуулагдах фитонцид нь ядаргааг тайлж, тархины үйл ажиллагааг сэргээдэг аж.

6. Саваргана – “Schefflera”

Саваргана нь никотиныг арилгадаг учир тамхи татдаг хүнтэй айлд байхад хамгийн тохиромжтой.

7. Ногоодой – “Chlorophytum”

Ногоодой цэцэг нь хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгаж чаддаг. Навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээн, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг хорт хийг маш сайн шүүж, ариутгадаг.

8. Нөмөргөнө – “Peace Lily”

Нөмөргөнө цэцэг агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулдаг. Мөн агаарт ууршсан ацетон болон спирт агуулсан бодисыг шингээж авдаг тул гоо сайхны бүтээгдэхүүн их байдаг хэсэг, угаалгын өрөө зэрэгт байршуулахад тохиромжтой. Түүнчлэн угаалгын өрөөнд нөмөргөнө цэцэг тавьснаар хөгц, мөөгөнцөр үржихээс сэргийлдэг.

9. Удамбор – “Ficus elastica

Ханын будаг болон шалнаас ялгарах химийн бодис, үнэрийг өөртөө шингээдэг.

10. Гундаахай – “Dieffenbachia”

Гундаахай нь төрөл бүрийн өвчлөлийг үүсгэдэг стафилококкийг устгадаг. Үүнээс гадна лакан хана болон шалнаас ялгардаг толуол, ксилол хэмээх бодисыг арилгадаг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.