Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд ирэх сарын 1-нээс хамрагдана.
Ингэхдээ айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг. Тэгвэл энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар тооцож, улсын төсөвт 30.5 тэрбум төгрөг тусгасныг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагатай.
Мөн айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг ирэх сарын 1-нээс нэмэх тухай яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй байна.