Кувейтийн сан эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахар тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээж авч, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.  

Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, амжилттай ашиглалтад оруулсанд талархал илэрхийлэв.

Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулжээ.

Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахаар тусгасан. Эдгээр эмнэлгийг барих газрыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгож, зураг төсөл, судалгааны ажил хийгдсэн хэдий ч санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.

Манай улсын хувьд жилдээ 7000 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны үр дүн гарсан.

Тийм учраас хавдар судлалын салбар эмнэлгийг байгуулах нэн шаардлагатай байгаа юм.  Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын төвд байрлаж байгаа нь цар тахлын үед хүн амын дунд халдварын голомт үүсгэх өндөр эрсдэлтэй тул тус эмнэлгийг хот суурин газраас холдуулснаар өвчин тархах эрсдэлийг бууруулах боломжтой болно.

Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахад шаардлагатай санхүүжилтыг Кувейтийн сангийн дэмжлэгээр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахард илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахар эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллана. Хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтойг уламжлаад шаардлагатай санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллана хэмээжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.