УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль”-ийг боловсруулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Зам, тээврийн яаманд УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн хамт ажиллаж, сайд Б.Дэлгэрсайхан болон салбарын бодлого боловсруулагч, нийслэл, холбогдох байгууллагын төлөөллүүдтэй Зам, тээврийн төрлүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох чиглэлээр санал солилцож, шийдлүүд хэлэлцэв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: “Тээврийн ерөнхий хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ба Зам, тээврийн яамны дэргэдэх ХБ-тэй хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төсөв тусгасан байна. Цаашид дэд зөвлөл үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжоор хангасанд маш их талархаж байна” гэв.
Уулзалтаар дараах асуудлуудаар хэлэлцжээ.
– Хууль эрхзүйн орчныг хамтран боловсронгуй болгох
-Авто зогсоолын QR системийг эргэн харж ХБИ-ийн автомашинд чип, наалт суурилуулж нэвтрэх боломж бүрдүүлэх
-Нийтийн тээврийн ваучерийн асуудлыг шийдэх
– Автобусны хүртээмж, онгоцны буудал, хүртээмжтэй галт тэрэг, өртөө, скүүтер мопедтэй холбоотой асуудлууд
– Орон нутгийн хол замд ариун цэврийн өрөөг шийдэх
Эдгээр асуудлуудыг шийдэхэд салбарын зүгээс боломжит бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, салбарын экспертүүд, төлөөллүүдтэй хамтран дээрх асуудлуудад шийдэл боловсруулах аж.


