“Times Higher Education” олон улсын байгууллага дэлхийн их сургуулиудын 2025 оны эрэмбийг зарлажээ. Энэхүү жагсаалтад Монгол Улсын Их Сургууль анх удаа албан ёсоор эрэмбэлэгдэж чансаагаараа “1501+”-д жагссан байна.
Дэлхий дээр 30 мянга гаруй их сургууль байдгийн 2000 орчим нь л “Times Higher Education”-ийн эрэмбэлэгдэх шаардлагыг хангадаг аж.
Монголын бүх их, дээд сургуульд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын үнэлгээг тогтмол хийж, эрэмбэ, чансааг тогтоож хэрэглэгч олон нийтэд мэдээлж байх ёстой. 2023 онд УИХ -аар батлуулсан Боловсролын багц хуулинд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг оруулжээ.
Энэ талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан:
Бид чанарын шаардлага хангахгүй 27 их, дээд сургуулиудыг хаасан бөгөөд цаашид ч чанарын шаардлага тавих ёстой. Мөн өнгөрсөн жил олон улсын “Times Higher Education” байгууллагатай хамтран дотоодын 65 их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ хийж олон нийтэд нээлттэй зарласан.
Засгийн газар “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт”-ыг баталсан. Энэ зохицуулалтын дагуу их сургууль, коллеж гэсэн 2 ангилалд шилжих учиртай. Бид чанартай цөөн их сургуультай болох шаардлага бий. Цаашид дээд боловсролын чанарыг хэмжиж, хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, ажиллах хүчний хомсдолыг арилгах хэрэгтэй байна хэмээлээ.