Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзаж, Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн 8 сая еврогийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл нь манай улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Төслийг Европын Холбооны 8 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 62.8 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орны 5 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжүүлнэ. Барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Энэ хүрээнд хэрэгжих 7 төслийн нэг нь Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станц барих төсөл юм. Мөн Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих төсөл 90 хувьтай хэрэгжиж байна.
Түүнээс гадна Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн, Улаанбаатар хотын ногоон орон сууцны, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төслийн сонгон шалгаруулалт, зураг төслийн шатанд хэрэгжиж байна.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол цөм бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ хэмээн онцоллоо.
Тус банкнаас 2006-2024 онд манай улсад нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг салбарт олгож, 140 төсөл, хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлж байна хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.