Х.Мягмарсүрэн: Дээлэн дээр үсээ задгайлахыг бидний өвөг дээдсээс цээрлэдэг байсан

-Та олон нийтийн цахим сүлжээнд дээл хувцасаа иж бүрнээр нь өмсөх, өв соёлоо дээдлэх талаар үзэл бодлоо илэрхийлж, энэ чиглэлд бусдыг уриалдаг шүү дээ. Хэзээнээс өв соёл, дээл хувцасаа судалж сонирхох болсон бэ?

-Намайг Х.Мягмарсүрэн гэдэг. Аав, ээж хоёр минь Ховд аймгийн Мянгад сумынх. Малчин айлын хүүхэд учраас хөдөө, мал ахуйтайгаа ойр өссөн.

Айлын эхнэр, тэр тусмаа ээж болохоор үндэсний хувцас, өв соёлдоо ач холбогдол өгдөг юм байна. Хот хүрээ газар өсөж буй хүүхдүүд маань бидний өссөнөөс шал эсрэг ертөнцөд, өв соёлоо мартах гээд байгаа юм шиг санагдаад эхлэнгүүт ээж хүний хувьд үүн дээр анхаарах ёстойг ойлгосон. Би өөрөө дээл хувцасаа өмсөж, ээж аав шигээ үлгэрлэж өвлүүлэх юм бол миний хүүхдүүд аяндаа өв соёлдоо суралцаад, дээл хувцасаа өмсөөд эхэлнэ. Тэр тусмаа хувцасны соёл бол үеэс үед өвлөгдөж явах ёстой соёл юм байна гэдгийг ойлгосон. Мөн 3 жилийн өмнөөс Ховд аймагтаа шилжин суурьшаад, ээж аавтайгаа ойрхон амьдрахдаа дээл хувцсанд бүр илүү дуртай болж, судалж эхэлсэн.

-Үндэсний хувцасаа иж бүрнээр нь өмсөхийг залуучууд нэг их ойшоодоггүй юм шиг санагддаг.

-Урлаг соёлынхон л иж бүрнээр нь өмсөнө биз, бид нар яахаараа иж бүрнээр нь өмсөх ёстой юм гэсэн хандлага зарим залуучуудад байдаг. Гэтэл уншаад, судлаад үзэхээр Монгол хувцас яг иж бүрнээрээ байж биед эрчим энерги өгдөг юм байна. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гэж яагаад нэрлэсэн юм? Энэ бүхэн цогцоороо байж хүний бие эерэг эрчим энергиэр цэнэглэгддэг.

-Таны авдарт их олон дээл харагдаж байна.

-Монгол дээлийг гоёор нь, шинээр нь хадгалах хамгийн зөв газар бол авдар. Манай авдарт бид тавын дээл ороод л дүүрчихдэг. Тийм олон дээлтэй.

-Дээл өмсөхдөө үсээ задгайлахгүй байхыг сошиал дээр уриалсан байсан. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Монгол дээл хувцасан дээрээ үсээ битгий задгай тавиарай, аль болох боож, үсний уут хэрэглээрэй гэж уриалга гаргасан. Тэгтэл богино үстэй хүмүүс нь яах юм, бараг халзан толгойтой хүмүүс нь яах юм гэдэг шүүмжлэлүүд ирсэн. Би бүх хүнийг тэг гээгүй, гэхдээ аль болох үсээ битгий задгайлаарай гэж уриалсан юм. Ёс заншил гэдэг цаг үеэ дагаад шинэчлэгдэж хөгжөөд, дээл хувцас загварлаг, орчин үеийн болж байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ монгол дээлийг бүсгүй өмсөх, үсээ задгайлах бол угаасаа бидний өвөг дээдсээс цээртэй байсаар ирсэн шүү дээ.

-Монгол ээж хүн үр хүүхдэдээ юуг захиж, өвлүүлэх ёстой гэж боддог вэ?

-Бид аав ээж, өвөө эмээгээсээ үлгэрлээд ахуй амьдрал, өв соёлынхоо талаар тодорхой мэдээлэлтэй өссөн. Гэтэл бидний үр хүүхдүүд “таг юмгүй” болох гээд байна шүү дээ. Тэрийгээ хүүхдүүддээ биеэрээ ч байна уу, хэл яриагаараа үлгэрлэхийн тулд өөрөө судалж мэдэх ёстой болж байгаа юм.

Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал их яригддаг болж байна. Нэг хэсэг хөгжингүй орнуудыг дагаад л өөхөн тос ч хориотой гэж байна, холестерин ихтэй хонины сүүл иддэггүй гэж байна,  бид бараг юу идэж уугаад байсан юм бэ гэж байсан бол хамгийн шилдэг, хамгийн эрүүл хоолыг монголчууд идэж байж гэдгийг шинжлэх ухаанаар тогтоогоод байна.

Тэгэхээр таван хошуу малаас гарч байгаа сүү гэдэг идээг Монгол эмэгтэй хүн, ээж хүн чадах чинээгээрээ боловсруулж сурах хэрэгтэй. Монгол эмэгтэй хүн дээл өмсөөд, авдар савандаа дээл хувцасаа хийхээс гадна таван хошуу малынхаа сүүг боловсруулаад, гэр бүлийнхэндээ эрүүл сайхан хоол хүнс хэрэглүүлж хэвшье гэдгийг уриалмаар байна.

Би 50 нас хүрээд эмээ болохоороо 5 үнээ аваад хөдөө  гарна гэж бодож байгаа. Үр ач нартаа тараг бүрээд, ээзгий ширгээж өгөөд сууна аа.

-Монгол хүний бахархал, үнэт зүйл юу вэ?

-Зарим нэг хүмүүс “Би Монгол” гэж цээжээ дэлдээд, аман дээрээ л хэлээд байдаг. Чи Монгол хүн юм бол эх орныхоо төлөө юу хийж чадах юм бэ? Хамгийн нэгдүгээрт, тэр тусмаа ээж хүний хувьд эрүүл Монгол хүнийг өсгөх, Монгол хэлээрээ цэвэрхэн сайхан ярьдаг, дээл хувцасаа зөв өмсөж чаддаг хүүхэд өсгөх чинь эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгэхээр энэ бүхэн гэр дотроос, ээж ааваас эхлэх нь байна. Эх орноо гэх сэтгэл энгийн зүйлээс л эхэлнэ.

-Залуучуудад, уншигчдад юуг захиж хэлмээр байна вэ?

-Монголчуудын нэг сул тал нь өв соёлоо малчид руугаа өгөөд байдаг. Тэр малчид нь л энийгээ авч явна биз, Улаанбаатарт ажлаа хийгээд явж байгаа надад ямар хамаатай юм гэдэг. Үгүй ээ, Монгол хүн бүрд хамаатай. Тэгж байж гадны улсын нөлөөнд автахгүй, тусгаар тогтносон улс байна шүү дээ.

Тийм учраас монгол гэрээ битгий голоорой, гэр бол хамгийн дулаахан, тохьтой сууц шүү. Монгол дээл хувцасаа битгий голоорой. Байгаа боломжоороо өмсөж зүүж, хэрэглээрэй. Баяр ёслолын үеэр үндэсний үйлдвэрлэгчид, оёдолчид, урлангуудаа дэмжээрэй гэж уриалъя.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.