Элчин сайд Лео Зенг: Австралийн амбан захирагчийн айлчлал дэлхий нийтэд чиглэсэн чухал илэрхийлэл болсон

Монгол-Австралийн Нийгэмлэгээс бэлтгэн хүргэдэг “MozziesBuzz” подкастын 4 дүгээр дугаарыг Subeedei.mn сайтын уншигч та бүхэндээ сийрүүлэн хүргэж байна.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярт зориулан бэлтгэсэн энэхүү дугаарыг Мелбурнийн Их сургуулийн Төрийн бодлого, менежментийн магистр Ж.Оюунцэцэг хөтлөн, зочин хөтлөгчөөр УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Д.Цогтбаатар, зочин хойморт Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Лео Зэнг уригдлаа.

Хөтлөгч:   Сайн байцгаана уу, та бүхэнд өдрийн мэнд хүргэе. “Mozzies Buzz” подкастын дөрөв дэх дугаарт тун онцгой зочдыг уриад байна. Энэ удаагийн зочин-хөтлөгчөөр Монгол Австралийн “Mozzies” нийгэмлэгийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, эрхэм хүндтэй зочноор Австрали Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Лео Зэнг уригдаад байна.

Ингээд “Mozzies Buzz” подкастаа уламжлалт асуултаар эхлүүлье. Юуны өмнө Австрали улсын ямар сургуульд ямар мэргэжлээр, хэзээ суралцаж байсан талаар хоёр зочноосоо асууя.

Д.Цогтбаатар: Зочноосоо эхлэх үү? Энэ бол Монгол уламжлал шүү дээ.

Лео Зэнг: Эрхэмсэг ноён Цогтбаатар танд баярлалаа. Намайг урьж, подкастдаа оролцуулж буй Mozzies-ийн хамт олонд мөн талархал илэрхийлье.

Миний Австралид суралцах замнал Австралийн хойд хэсэгт байрлах Дарвин гэдэг хотоос эхэлсэн. Би Дарвин хотын “Anula Primary School” бага сургуульд, дараа “Sanderson High School” ахлах сургуульд суралцсан юм. Гэхдээ тухайн үед, 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед уг сургууль зөвхөн 10-р анги хүртэл хичээллэдэг байсан. Иймээс ахлах сургуулийн сүүлийн хоёр жилийг Дарвин хотын хамгийн нэр хүндтэй сургуульд тооцогддог “Darwin High School”-д үргэлжлүүлэн сурсан. Тэр үед бараг бүх сурагчид Дарвин ахлах сургуульд суралцдаг байлаа.

Их сургуулийн хувьд би анх Сиднейн их сургуульд суралцаж эхэлсэн. Тэнд би хосолсон хөтөлбөрөөр, түүхийн чиглэлээр (ялангуяа орчин үеийн үндэстнүүдийн түүх) болон худалдаа, бизнесийн чиглэлээр мэргэшсэн. Харин гэр бүлийн зарим шалтгааны улмаас их сургуулиа Дарвин хотод үргэлжлүүлэн төгсгөх шаардлагатай болсон. Тухайн үед уг сургууль Хойд Нутгийн Их Сургууль (Northern Territory University – NTU) нэртэй байсан.

Магистрын зэргээ би Шинэ Өмнөд Уэльс мужийн Ньюкастлын их сургуульд хамгаалсан. Одоогоор миний аав, ээж хоёр Сидней хотод тэтгэвэртээ гарч амьдарч байгаа тул хэдийгээр миний ажил  Канберра хотод байрладаг ч гэсэн шинэ Өмнөд Уэльс муж ч бас миний хувьд төрөлх мэт нутаг болсон гэж хэлж болно.

Д.Цогтбаатар:  Тэгэлгүй яах вэ, Дарвин үнэхээр сайхан сонсогдож байна. Нэг өдөр тийшээ аялах боломж гарна гэж найддаг. Учир нь тэнд матар байдаг шүү дээ, тийм үү? Хүмүүс Австралид матар байдаг гэдгийг мэддэг ч, хаа сайгүй байдаг гэж эндүүрэх нь олон. Гэтэл яг үнэндээ матар Австралийн бүх нутагт биш, голчлон Хойд хэсгийн нутагт амьдардаг.

Миний хувьд Австрали улсад 1997–1998 онд суралцсан. Би Австралийн Үндэсний Их Сургууль (ANU)-ийн Хууль зүйн сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Австралид суралцана гэдэг үнэхээр мартагдашгүй туршлага байсан. Ялангуяа ANU-ийн академик орчин, номын сан нь үнэхээр гайхамшигтай.

Австралийн боловсрол, их сургуулийн тогтолцооны нэг онцгой давуу тал нь тухайн ном номын санд байхгүй ч та хүсэлт гаргахад хаанаас ч захиалж авчирч өгдөг. Өөрөөр хэлбэл сургалтын баазад бүрэн, чөлөөтэй нэвтрэх боломж олгодогт оршдог. Энэ бол маш сайн бодож төлөвлөсөн, сайн зохион байгуулсан тэтгэлэгт хөтөлбөр. Боловсрол нь зөвхөн танд бус, бүхэл бүтэн гэр бүлд чиглэсэн байдаг.

Жишээ нь, миний эхнэр Москвад анагаах ухааны боловсрол эзэмшсэн, эмч мэргэжилтэй хүн байсан ч тухайн үед англи хэлний мэдлэг нь хангалтгүй байлаа. Харин Австралид хамт амьдарч, суралцсаны дараа англи хэл нь эрс сайжирсан. Ингээд бид Монголд буцаж ирсний дараа тэр шалгалтуудаа өгч, суралцах урилга авсан. Тэрээр Лондонгийн Нийгмийн Эрүүл Мэнд, Халдварт Өвчний Сургууль (London School of Hygiene & Tropical Medicine) болон Харвардын их сургууль гэсэн хоёр нэр хүндтэй сургуулиас урилга авсан юм. Харин Chevening тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тул Лондонг сонгож, тийшээ явсан.

Энэ бүх боломжийн үндэс суурь нь бидний Австралид амьдарч, суралцсанаар англи хэлний хангалттай мэдлэгийг эзэмшсэн явдал байсан гэж хэлж болно.

Хөтлөгч:   Тэгэлгүй яах вэ. Энэ боломжийг ашиглаад бүх төгсөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлж, баярлалаа гэж хэлмээр байна. Австраличууд өөрсдийгөө ихэвчлэн “Aussies” гэж нэрлэдэг шүү дээ. Тийм ч учраас бид өөрсдийгөө “Mozzies” гэж нэрлэсэн юм.

Мөн энэ подкастыг “Mozzies Buzz” гэж нэрлэсэн нь ч учиртай. Бид өөрсдийн дуу хоолойг түгээх, Австралид суралцаж олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах, тэрхүү санаа, үнэт зүйлсийг нийгэмдээ түгээхийг зорьж байна.

Энэ жил элчин сайд таны Монгол Улсад ажиллаж, амьдарч буй анхны жил шүү дээ. Тиймээс та одоогийн Австрали–Монголын харилцааны нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? Энэхүү харилцааг хэрхэн тодорхойлох вэ?

Лео Зэнг: Австрали–Монголын харилцааг дулаан, бат бөх, өсөн хөгжиж буй харилцаа гэж тодорхойлно. Энэ нь бидний нийтлэг ардчилсан үнэт зүйлс, эдийн засгийн түншлэл, мөн  иргэд хоорондын бат бөх харилцаанд тулгуурласан гэж бодож байна. Эдгээрийн ихэнх нь Mozzies-ийн хамт олны ач гавьяа юм. Манай хоёр улсын  иргэд хоорондын  харилцаа маш сайн хөгжсөн бөгөөд үүний зэрэгцээ бидний хооронд харилцан хүндлэл гүн бат суусан байдаг.

Австраличууд Монголын түүх, соёлд үнэхээр дуртай. Ялангуяа уудам тал нутгийг нь ихэд биширдэг. Би Австралид байхдаа Монгол руу явах тухайгаа хэлэхэд хүмүүс атаархсан, бахархсан өнгөөр “Чи Монголд амьдарч, ажиллах гэж байна гэж үү? Ямар гайхалтай юм бэ” гэж хэлдэг байсан.

Тиймээс хоёр улсын хооронд жинхэнэ утгаараа харилцан хүндлэл, бишрэл бий гэж хэлж болно. Элчин сайдын хувьд ийм эерэг, найрсаг харилцааны төлөө ажиллаж байгаадаа би өөрийгөө маш азтайд тооцож, нэр төрийн хэрэг гэж боддог.

Д.Цогтбаатар:   Гайхалтай. Элчин сайд таныг үнэхээр сайн ажиллаж буйг хэлмээр байна. Ялангуяа Австрали улсын төрийн тэргүүн, Амбан захирагчийн Монгол Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахын төлөө та ихээхэн хүчин чармайлт гаргасан.

Миний мэргэжлийн суурь бол дипломат харилцаа учраас ийм өндөр түвшний айлчлалыг зохион байгуулахад Элчин сайд ямар чухал үүрэгтэйг сайн мэднэ. Айлчлалыг санаачлах үеэс эхлээд нутаг буцах хүртэлх бүхий л хугацаанд Элчин сайдын яамны хамт олон асар их ачаалалтай байдаг. Айлчлалын жижиг гэлтгүй бүхий л нарийн деталиудыг урьдчилан бодож төлөвлөх шаардлагатай болдог. Гэтэл нарийн ширийн шигтгээ ажил хэзээ ч дуусдаггүй, үргэлж л гэнэтийн, төлөвлөөгүй зүйлс гардаг шүү дээ.

Лео Зэнг: Эрхэм гишүүн, хоёр зүйлийг тодруулж, залруулахыг зөвшөөрнө үү. Нэгдүгээрт, таны мэргэжлийн суурь зөвхөн дипломат салбараар хязгаарлагдахгүй. Та бол Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. Та үнэхээр даруухан байна. Та Монгол дахь хамгийн  эрхэм хүндтэй “Mozzies”-ийн нэг юм. Би Монголд ирснээсээ хойш танаас маш их зүйлийг сурсан. Тиймээс таныг зөвхөн дипломат суурьтай хүн гэдгээр бус, илүү өргөн хүрээнд, онцгой амжилттай Mozzie гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ийм өндөр амжилт гаргасан Mozzie байгаа нь бахархалтай хэрэг.

Мөн энэ завшааныг ашиглаад таныг Хүндэт докторын цол хүртсэн явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэ бол таны хувьд туйлын зүй ёсоор хүртсэн, бүрэн эрхтэй шагнал юм. Баяр хүргэе.

Миний бодлоор энэ нь таны зөвхөн Австрали–Монголын хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмрийг бус, мөн олон улсын дипломат харилцаанд оруулсан хувь нэмрийг тод харуулж байна. Би дипломатчдын хувьд таны мөрөөр алхаж, таны хийж бүтээсэн, одоо ч үргэлжлүүлэн хийж буй ажлуудаас үлгэр дуурайлал, урам зориг авч ирсэндээ ихээхэн талархдаг.

Д.Цогтбаатар:  Баярлалаа. Би жаахан ичээд улайх нь \инээв\

Хөтлөгч: Бид бүгдийн мэдэж байгаачлан өнгөрсөн зун томоохон айлчлал болсон. Тэгвэл уг төрийн айлчлалын дараа ямар санаачилга, арга хэмжээ, үйл ажиллагаанууд үргэлжлэн хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?


Лео Зэнг: Австралийн холбооны улсын төрийн тэргүүн, Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Сэм Мостины  Монгол Улсад хийсэн айлчлал үнэхээр түүхэн ач холбогдолтой байлаа. Энэ нь 31 жилийн дараах төрийн тэргүүний анхны айлчлал төдийгүй, миний хэлдгээр бол энэ зууны, бүр тодруулбал энэ мянганы анхны өндөр түвшний айлчлал байлаа. Өмнөх ижил түвшний айлчлал нь 1990-ээд онд, өөрөөр хэлбэл өнгөрсөн зуун, өмнөх мянганы үед тохиосон. Тиймээс энэхүү айлчлал үнэхээр түүхэн үйл явдал байв.

Айлчлалын үеэр бид боловсрол, эдийн засгийн түншлэл, иргэдийн хоорондын харилцаа, мөн соёлын солилцоог бэхжүүлэх зэрэг чиглэлээр маш үр дүнтэй, өргөн хүрээний яриа, хэлэлцүүлгүүдийг хийсэн. Амбан захирагч айлчлалын үеэр хэлэхдээ, энэхүү айлчлалыг хоёр улсын хоорондын соёлын солилцоог улам идэвхжүүлэхэд ашиглахыг зорьж байгааг онцолсон.

Энэ утгаараа айлчлал маш амжилттай болсон гэж бодож байна. Эрхэмсэг хатагтай Их Тэнгэр цогцолборт зохион байгуулсан бэсрэг Наадамд оролцож, Монголын түүх, соёлын баялаг, онцлогтой маш сайхан танилцсан. Мөн тэрээр Чингис хаан музейд зочилж, ихээхэн таашаасан. Түүнчлэн Налайх дахь Политехникийн коллежид зочилж, оюутнууд хэрхэн суралцаж байгаатай танилцан, тэдэнтэй ярилцсан.

Эдгээр бүх туршлага, сэтгэгдлийг тэрээр Австралид буцаж очоод Австралийн ард түмэнд Монгол Улсын гайхамшигтай соёл, түүх, мөн өнөөгийн хөгжлийн бодит төрхийг таниулан сурталчлах боломжтой болсон. Энэ утгаараа айлчлал маш амжилттай боллоо гэж үзэж байна.

Мөн илүү тодорхой үр дүнгийн хувьд, уг айлчлалын үеэр Австрали, Монгол хоёр улс харилцаагаа “Өргөтгөсөн түншлэл”-ээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэнэ гэдгээ албан ёсоор зарласан нь онцгой чухал үйл явдал болсон юм.

Бидний зүгээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэхээр тууштай ажиллаж байгаа бөгөөд удахгүй эцэслэгдэнэ гэж найдаж байна.  Энэ хэрэгжсэнээр, ноён Д.Цогтбаатарын хэлсэнчлэн, айлчлалын үр дүн гарах боломж нээгдэнэ. Нэг удаагийн айлчлал гэж харж болох ч ийнхүү харилцаагаа иж бүрэн түншлэлд хүргэснээр хоёр улсын ирээдүйн харилцааны хувьд маш олон үүд хаалга нээгдэж байгаа гэсэн үг юм.

Жишээ нь, Сиднейн Хөрөнгийн бирж дээр Монголын компаниуд жагсаалтад орсон байдаг. Ийм өндөр түвшний айлчлал Монголд хийхэд Монголын талаарх олон нийтийн анхаарлыг ихээр татдаг. Том зах зээл, том улс орнуудын хувьд бид жижиг улсууд, нөөц хязгаарлагдмал тул ийм боломжийг ашиглах нь үнэхээр чухал. Хүмүүс хараад, “Энэ улс үнэхээр гайхалтай уламжлалтай, гэхдээ чөлөөт эдийн засаг, уул уурхайн салбар нь ч их хөгжсөн, Австралийн компаниуд хөрөнгө оруулалт хийсэн байна” гэж ойлгож байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, Монголд хөрөнгө оруулалт хийсэн компанийн хувьцаанд эерэг нөлөө үзүүлдэг. Ингэснээр Монголын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэхэд улс төрийн хувьд чухал хувь нэмэр болдог.

Ийм олон ил үзэгдэхгүй түлхэлт, дэмжлэгүүд бидний хамтын ажиллагааг иж бүрэн түншлэл хүртэл ахиулахад тусална. Иймээс энэ улс төрийн санаачилга нь маш ухамсартай, зорилготой алхам юм. Зүгээр л “Тийм ээ, бид зөвшөөрлөө, хийе” гэсэн маягаар биш, харин үр дүнд чиглэсэн бодлогоор хийгдэж байгаа. Ялангуяа Австрали улс нь маш практик, үр дүнд чиглэсэн бодлого баримталдаг тул бүх зүйл үр дүнгийн үндсэн дээр явагддаг.

Манай талаас, бид бас илүү ихийг хийх хэрэгтэй. Австралийн нэг сайн тал нь, тэд уул уурхайн эдийн засгаар амжилтад хүрсэн. Хэрэв Австрали улс уул уурхайн болон хөдөө аж ахуйн эдийн засгийг амжилттай бий болгож чадсан бол, Монгол ч мөн амжилттай хэрэгжүүлж чадна.

Эдгээр хоёр үндсэн хүчин зүйл дээр суурилан өнөөдөр Австрали дэлхийн тэргүүлэх эдийн засгийн гишүүн, OECD-ийн гишүүн болсон. Тиймээс зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн эдийн засаг биш, шинжлэх ухаанд суурилсан дэвшилтэт эдийн засагтай улс болсон байна. Иймээс дипломатчийн үүрэг нь хоёр орныг ойртуулах төдийгүй, Австралийн амжилтыг Монголтой хуваалцах, Монголд хэрэгжүүлэх боломжийг бий болгоход чиглэж байна. Австрали улс үүнийг бодитой хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Хөтлөгч: Миний дараагийн асуулт ч бас таны энэ санаатай улбаатай. Хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн гол таван тэргүүлэх чиглэлийг онцлооч гэвэл та юуг нэмж онцлох вэ?

Лео Зэнг: Юуны өмнө таван чиглэлийг дурдахаас урьтаж би ноён Д.Цогтбаатарын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлмээр байна. Ийм айлчлалууд санамсаргүйгээр эсвэл азаар тохиодоггүй, харин маш стратегийн, зориуд, төлөвлөсөн алхам байдаг. Миний хувьд энэ түүхэн айлчлал маш тодорхой санааг илэрхийлсэн гэж үзэж байна. Тэр нь Австрали Улс нь Монголтой өсөн хөгжиж буй харилцаагаа үнэлдэг бөгөөд бид Монгол Улсын гурав дахь хөрш орон гэдгээрээ бахархдаг гэсэн санаа юм.

Энэ мессеж нь зөвхөн хоёр улсын иргэдийн хооронд биш, дэлхий нийтэд чиглэсэн чухал илэрхийлэл юм. Миний хувьд энэ үр дүнг харж, тэр мессежийг тодорхой дамжуулж байгааг харах нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, үнэхээр ивээлтэй мэт санагдсан.

Хоёр орны хамтын ажиллагааны гол таван чиглэлд миний бодлоор дараах зүйлс чухал. Ирэх жилүүдэд илүү олон шинэ чиглэл дээр ажиллах боломж бий боловч, хэрэв зөвхөн тавыг онцлох юм бол:

Уул уурхай, тогтвортой хөгжил – ноён Д.Цогтбаатарын хэлсэнчлэн, уул уурхай нь хоёр орны нийтлэг зорилт юм. Бид аль аль нь баялаг ихтэй, уул уурхайг түшиглэсэн, гэхдээ эдгээр нөөцийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой аргаар ашиглах нь ихээхэн сорилт болж байна. Австралид энэ чиглэлээр туршлага их бий, бид Монголтой туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байна.

Боловсрол, хүний нөөцийн хөгжил – Mozzies-ийн амжилт Монголын хүний нөөцийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг харуулахад маш сайн жишээ болж байна. Энэ нь зөвхөн диплом эсвэл цаас өгч буй хэрэг биш, харин Монгол хүний авьяас билэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Энэ нь ирээдүйд олон үеийнхэнд үр нөлөө үзүүлнэ. Одоо Монголоос 6,000 гаруй оюутан Австрали улсад суралцаж байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна, өөрийн  зардлаар суралцаж буй оюутнуудыг багтаахад арван мянга гаруй хүн бий. Mozzies өөрөө маш том, амжилттай хамтын нийгэмлэг юм. Тиймээс боловсрол, хүний нөөцийн хөгжил нь үргэлжлүүлэн анхаарах, хамтран ажиллах гол чиглэл байх болно.

Соёлын солилцоо – Урлаг, соёлын солилцоо чухал. Жишээ нь Австралийн уугуул иргэдийн  урлагаар дамжуулан түүхэн уламжлалт соёлыг таниулж болно. Монголын үндэсний урлагийг Австралид аваачиж болно. Хэдэн жилийн өмнө Монголын морин хуурыг театрт тоглуулсан туршлага бий. Монголын Үндэсний морин хуурийн чуулга Австралийн Сиднэйн Дуурийн театрт тоглоход тасалбар нь бүрэн борлогдож, гайхалтай, сайхан тоглолт болсон.

Дараагийнх нь магадгүй “The HU” хамтлаг байж болох юм. Тэд Австралид тоглосон болов уу? Тоглоогүй бол яагаад болохгүй гэж…

Үүнээс гадна Австралийн урлагийг Монголд авчирч, урт удаан баялаг түүхтэй соёлыг танилцуулах боломж бий. Аборигенчуудын болон уугуул иргэдийн  олон төрлийн урлаг соёлыг Монголд авчирч, таниулж болно. Энэ мэтээр маш олон хэлбэрээр соёлын солилцоог хийх боломжтой. Энэ мэт маш олон санаанууд байна. Бидний зүгээс мөн бусад салбарт хэрхэн хамтарч болох талаар судлах болно. Магадгүй өөр нэг дурдаж болох ажил бол институци буюу байгууллагын түвшний харилцааг бэхжүүлэх юм.

Миний бодлоор, иргэд хоорондын харилцаа маш чухал боловч байгууллагын түвшний харилцаа бас адил чухал. Учир нь бат бөх институтүүд нь боловсорсон, тогтвортой ардчиллын үндэс суурь болдог. Монгол Улсын адил Австрали ч өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд институтийн чадавхыг хөгжүүлэх тал дээр ажилласан туршлагатай.

Тиймээс туршлагаа хуваалцах олон боломж бий. Монгол Улс харьцангуй шинэ, орчин үеийн ардчилсан улс бол Австрали нь тогтвортой, боловсорсон ардчилсан улс тул туршлага, мэдлэгээ хуваалцах, ярилцах боломж их байна.

Байгууллагын түвшний харилцааны бас нэг давуу тал нь иргэд хоорондын харилцааг улам өргөжүүлж, шинэ хамтын ажиллагааны боломжуудыг бий болгодог.

Д.Цогтбаатар:  Энэ нь мэдээж маш чухал. Элчин сайд бол та бол топ дипломат, тиймээс таны хэлсэн үг бүр үнэ цэнтэй. Та таван чиглэлээс илүү ихийг хэлсэн болохоор бид Австрали–Монголын хамтын ажиллагааны шинэ санаа, боломжуудыг улам бүх нээх хэрэгтэй болж байна. Мөн та соёлын солилцоо, арга хэмжээг зохион байгуулах талаар дурдсан нь үнэхээр сайхан санаа.

Хэрвээ зарим урлагийн хамтлагууд, жишээ нь “The HU” хамтлаг ч юм уу Австрали улсад тоглолт хийгээгүй байгаа бол, энэ нь шинэ зах зээл болж болох юм. Элчин сайдын ийм санааг хоёр тал харилцан дэмжиж, ярилцвал бодит ажил болж чадна. Бид үүнд анхаарах ёстой.

Бас нэг санаа гэвэл Австралид рок, поп урлагийн гайхалтай өв соёл бий. Bee Gees, ACDC, мөн орчин үеийн алдартнууд. Яагаад Үндэсний баяр Наадмын үеэр ACDC-ийн төлөөлөгчдийг авчирч, Монголын Наадамтай танилцуулах боломжийг олгож болохгүй гэж? Эдгээр санаанууд нь жижиг ч гэсэн амьдралд хэрэгжүүлж болох соёлын солилцооны эхлэл болж, хоёр улсын харилцааг улам өргөжүүлж чадна.

Лео Зэнг: Kylie Minogue

Д.Цогтбаатар:  Яг тийм. Би Kylie Minogue гэж хэлээгүй, харин Элчин сайд хэлчихлээ. Тиймээс Kylie Minogue-ийг авчрах ажилд хамтран оролцож ажиллая. Энэ үнэхээр гайхалтай санаа шүү.

Лео Зэнг: Тийм шүү. Саяхан Австралийн нэг кино баг “Төмөр өвөл” нэртэй киноны зураг авалтыг Монголд хийсэн бөгөөд өнгөрсөн жилийн сүүлээр олон улсын кино наадмуудад үзүүлсэн. Ингэхдээ Австралийн кино баг Монголын малчидтай хэдэн сар хамт ажиллаж, Монголын хүнд өвлийн нөхцөл, малчдын амьдрал ахуй, нүүдлийн соёлыг хадгалах сорилтуудыг кинондоо харуулсан. Кино нь баримтат кино боловч маш уран сайхан байдлаар бүтээгдсэн бөгөөд Монголын өвөрмөц нүүдэлчин соёлыг хамгаалахын чухлыг харуулсан. Үзэхэд үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, сайхан бүтээл болсон. Би энэ киног бүх хүн үзэхийг санал болгож байна.

Д.Цогтбаатар:  Үнэндээ одоо таны хийж байгаа үйлдэл яг л киноны гол утга санаатай уялдаж байгаа, нэг чиглэлд нийцэж байна. Та Монгол хувцас өмсөж, Монгол өв соёлд хүндэтгэл үзүүлж байгаа нь үнэхээр сайхан байна. Энэ нь Монгол соёлыг дэмжиж, хадгалах нь үнэ цэнтэй гэсэн таны үзэл санаатай маш сайн нийцэж байна.

Хөтлөгч: Саяхан Австралийн ABC телевизийн багийнхан Монголд ирэхэд таныг тэдэнтэй хамт байхыг харсан. Та бүхний хувьд Австралид Монголын контентыг нэвтрүүлэх эсвэл Монголд Австралийн контентыг нэвтрүүлэх тал дээр ямар нэгэн хүлээлт тавьж болох уу? Хэрхэн ажиллаж байгаа вэ?

Лео Зэнг: Энэ чиглэлээр бид хэдийнээ ажиллаж эхэлсэн. Миний хувьд хамгийн бахархалтай зүйл гэвэл, Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци (ABC) болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (МҮОНТ) хоёрын хооронд анх удаа Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм.

Энэхүү санамж бичиг нь контент солилцоотой холбоотой бөгөөд таны хэлсэнчлэн, Австралид Монголын контент, Монголд Австралийн контент нэвтрүүлэх боломжийг олгоно. Мөн санамж бичгийн хүрээнд ирээдүйд хоёр үндэсний телевизийнхэн хамтарсан ярилцлага, сургалт, хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг зохион байгуулах боломжтой болох юм.

Нэг зүйлийг онцлоход, би Mozzies нийгэмлэгт үнэхээр талархаж явдаг. Тэд бидний хийж буй ажлыг дэмжихээс гадна Монголын авьяас чадварыг хамгийн сайн талаас нь төлөөлдөг.

Д.Цогтбаатар:  Энэ хүрээнд бас нэг зүйлийг дурдахад, УИХ-ын гишүүн асан, хэд хэдэн удаа сайдын албан тушаал хашиж байсан Н.Энхболд гуайн удирдлага манлайллыг дурьдвал зохимжтой. Тэр үнэхээр гайхалтай ерөнхийлөгч байсан бөгөөд энэ нийгэмлэгийг нэгтгэж, авч явах, хадгалах, анхны ерөнхийлөгчийн үүргийг ч гүйцэтгэж байсан.

Энэхүү холбоог үүсгэн байгуулсан хүн бол УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ юм. Тэр үед буюу 1990-ээд оны дунд үед би өөрөө Австрали хариуцсан ажилтан байсан юм. Ж.Бат-Эрдэнэ дарга надад энэ холбооны талаар ярьсан. Тухайн үедээ өөрөө Австралитай ямар нэгэн холбоогүй байсан ч нийгэмлэгийг үүсгэн байгуулах хүсэлтэй байсан. Бид хэдэн залуустай хамтран энэ холбоог үүсгэсэн.

Лео Зэнг: Тэгэхээр Ж.Бат-Эрдэнэ тэр үедээ Mozzies төгсөгч байгаагүй гэсэн үг үү?

Д.Цогтбаатар:  Үгүй, тэр тухайн үедээ төгсөгч байгаагүй.  Дараа нь тэр ирээд холбооны ерөнхийлөгч болсон нь нийгэмлэг байгуулахад үнэхээр том түлхэц байсан. Бид түүнд маш их талархаж явдаг.

Лео Зэнг: Залуу нас гэснээс би анх хэзээ Монголд их дуртай болсныг мэдэх үү? Би их залуухан байсан. Анх Монголд ирэхэд буюу 2009 онд, одоо бол 16, 17 жилийн өмнөх явдал юм.

Д.Цогтбаатар:  Та хаана ажиллаж байсан үе вэ?

Лео Зэнг: Би Солонгост байсан. 2008 онд би БНСУ-д томилогдсон. Тэр үед Бээжин дэх ЭСЯ Монголыг хариуцдаг байсан юм. Энд Элчин сайдын яам байгуулагдаагүй байлаа. 2008 онд манай элчин сайдын яам өргөжиж, ажил ихтэй болсон. Нөгөөтэйгүүр Солонгост бид ч Монголыг хариуцан ажиллахыг их хүсэж байлаа. Ингээд Бээжингээс Сөүл рүү шилжүүлэх процесс явагдсан. Би тэр үед Сөүлд Монголыг хариуцсан анхны хоёрдугаар дэд консул болж томилогдсон. Тэгээд энд анх ирэхдээ 29 настай залуу байсан.

Ингээд л 30 хүрээгүй байхдаа анх Монголд сэтгэл татагдсан. Тэр үед би өөртөө хэлсэн юм. Энэ хүртэл бараг 20 жил шаардсан ч, би заавал энд буцаж ирнэ гэж. Ингээд би буцаж ирэхэд Монголын олон зүйл өөрчлөгдсөн байлаа. Сүүлийн 15–16 жилийн хугацаанд Монгол их хөгжсөн.

Хөтлөгч: Бидний ярилцлага өндөрлөх гэж байна. Манай хамтран хөтлөгч, Mozzies-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танд маш их талархаж байна. Мөн энэхүү подкастын урилгыг хүлээн авч, залуу насны дурсамжаа хүртэл бидэнтэй хуваалцсанд Элчин сайд танд үнэхээр баяртай байна. Уншигч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугааруудаар олон сонирхолтой зочдыг урин ярилцах болно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.