Одоогоос таван жилийн өмнө байх. Өндөр нуруутай, дээд боловсролтой, бичгийн их гоё гарын үсэгтэй нэг ах үрсийнхээ зургийг, гараар бичсэн захидалтайгаа барьсаар над дээр ирсэн юм.
Түүнээс өмнө түүний амьдардаг хорооны ажилтнууд надтай холбогдож, “Манай хороонд үрстэйгээ уулзахыг хүссэн нэг хүн байна. Ээжтэйгээ хамт амьдарч байгаад ээж нь бурхан болсон. Одоо ганцаараа. Хүүхдүүдтэйгээ уулзахад нь танайх тусалж чадах уу?” гэж асуусан юм.
Би дамжуулж хүлээж авах боломжгүй, харин өөрийн гараар захидлаа бичээд, боломжтой бол өөрөө ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгээд л нэг өглөө үрсийнхээ зургийг барьсан, гараар бичсэн захидалтайгаа тэр ах ирлээ.
Нэвтрүүлгийн дүрмээ танилцуулж, гарын үсгийг нь зуруулж аваад, дараагийн удаад гэрт нь очиж зураг авалт хийхээр тохирлоо.
Түүний гэр нисэхэд байлаа. Идэр ес эхэлсэн, хүйтэн жавар тачигнасан үе. Хашаан дотор ганц гэр. Гал түлэх түлээгүй, тэсгэм хүйтэн гэртээ ах инээсээр биднийг угтсан юм.
Тэр хүн гурван жилийн цэргийн албаа хүндэт харуулын ангид нэр төртэй хашсан нэгэн. Олон жилийн өмнөх тэрхүү хүндэт харуулын хувцсаа хоймортоо өлгөчихсөн байв. Түүний хувьд хүний ганц хүү.
Цэргээс ирээд амьдрал нь өөдрөг, ажил үйлс нь амжилттай, эхнэр авч, хөөрхөн үрстэй ч болсон. Гарын уртай, хийж буй ажилдаа сайн түүнд хүмүүс талархахдаа, тус гуйхдаа шил архи барьж ирдэг байж. Ингэж л “шилнээс бусдыг залгидаг” архинд орсон.
Жич: ХЭН НЭГНИЙ САЙХАН СЭТГЭЛИЙН ХАРИУГ АРХИАР БАРЬДАГ ХҮН БАЙВАЛ, ТЭР ХҮНИЙ ИРЭЭДҮЙГ ААЖМААР ҮГҮЙ ХИЙЖ БАЙГААГАА ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.
Ахын аз жаргалтай, элэг бүтэн амьдрал архины хэрүүлтэй өдрүүдээр солигдож, эцэст нь нэгэн сайхан гэр бүл бутран, гэргий нь хүүхдүүдээ аваад явжээ.
Хүний ганц хүүгээ архинд живж, амьдралаа алдаж байгааг хараад ээж нь дагуулан Улаанбаатарыг бараадсан байна. Гэвч бусдын хайхрамжгүй “сайхан сэтгэл”, өөрийн сэтгэл зүйгээ удирдаж чадаагүйн уршгаар тэр хүн амжилттай ажил, аз жаргалтай гэр бүл, эцэст нь түшиж тулж явсан ээж, эрүүл мэндээ хүртэл алджээ.
Түүний сүүлчийн хүсэл бол үрстэйгээ уулзах. (Бидэнд хандах үедээ архинаас гарсан байсан шүү.)
Бид хүсэлтийн дагуу хүүхдүүдийг нь багагүй хугацаанд хайж эцэст нь олсон. Гэвч харамсалтай нь, хэн хэн нь уулзахаас татгалзсан юм. Намайг хүртэл цагдаагаар дарамтлуулж, бөөн юм болсон.
Хүүхдүүд нь аавтайгаа уулзахаас татгалзсан гэдгийг ахад дуулгах мөч үнэхээр хэцүү байсан. Ямар нэгэн байдлаар хариу хэлэх ёстой тул нөхөртэйгөө ярилцаад, гэрээсээ мах, дэлгүүрээс гурил, будаа, нүүрс авч очиж, гэрийг нь дулаацуулж байгаад ярилцсан юм.
Сэтгэл сэргээх мэдээ дуулгаж чадахгүй учир, ядаж гэрийг нь дулаацуулж, халуун хоол хийж идэх тодорхой хэмжээний хүнсийг нь бэлдэж өгөх нь бидний хийж чадах зүйл байв.
Ах бараг л миний хэлэх үгийг мэдсэн мэт, ихээхэн урт шүүрс алдсан. Болсон үйл явдалыг бүгдийг ярилцсаны эцэст ах нэвтрүүлгийг гаргахгүй байхыг хүслээ.
Олон сар өдрийн ажил үгүй болсон ч ахын сүүлчийн хүсэлтийг хүндэтгэн хүлээн авсан.
Түүнээс хойш хагас жил орчмын дараа “Баялаг Ундраа”-д дээл зардаг найз нь над руу утасдаж, ахыг бурхан болсныг дуулгасан.
Ингээд л тэр хүүхдүүдийг аав нь дахиж хэзээ ч хайхгүй болж, энэ дэлхийгээс үүрд буцсан.
Архи бол шилнээсээ бусдыг залгидаг. Бусдад архи өгөх гэж үг хаяж, “сайхан сэтгэл”-ийн нэрээр уулгаж байгаа та хэн нэгний гэр бүлийг, хэн нэгний аав гэдэг нэрийг бүрмөсөн үгүй хийж байгаагаа ойлгох хэрэгтэй.
Архинаас болж үрсийнх нь сэтгэлд үлдсэн шарх аавтайгаа уулзахаас татгалзах хамгийн том шалтгаан болсон юм даа.
Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд хүний ганц гэдэг амьдралд алдвал түших хүнгүй, их хэцүү юм байна лээ.
