Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажилтай танилцжээ. Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна.
Нийт найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг Магнус Сентурион Констракшн ХХК гүйцэтгэхээр тендэрт шалгарчээ. 2011 оноос зураг төсөл нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт ийнхүү шийдэгдэж, барилгын ажил эхэлж байна.
2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
“Эрхтэн шилжүүлэн суулгах төв” -ийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээг үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулах бөгөөд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.