“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.

Өнгөрсөн  гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрднэ.

680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байна.

Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа.

Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна. Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа.

Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.

Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна. Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. “Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон.

Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:

  • “Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,
  • “Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,
  • Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна. 

Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг  эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна хэмээн ЕТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.