УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа”, “Шинэ эхлэл” сургуулийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай” хуульд сурах бичиг нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, стандартын шаардлага хангасан байх ба хүүхэд бүрийг сурах бичгээр бүрэн хангах зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын хэрэгжилттэй танилцах нь уг уулзалтын зорилго байв.
2024-2025 оны хичээлийн жилд 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлэж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБСургууль бүрд хүргэсэн талаар Боловсролын Ерөнхий Газраас мэдээлсэн. Гэвч шинээр хэвлэгдээд байгаа номууд “Оюуны ундраа” ЕБС-д ирээгүй байв.
“Эцэг эхчүүд хуучин сурах бичгүүдийг арчиж цэвэрлэн, нааж хавтаслаж хүүхдүүдийнхээ номыг бэлдэж байна”
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Сурах бичгийн хүртээмжгүй байдлаас болж эцэг эхчүүд хуучин сурах бичгүүдийг арчиж цэвэрлэн, нааж хавтаслаж хүүхдүүдийнхээ номыг бэлдэж байна. Мөн сурах бичиггүйн улмаас монгол хэлний хичээл дээр сурагчдаар өргөдөл бичүүлэх зэрэг хичээлийн хөтөлбөрөөс гадуур зүйл хийлгэн аргацааж байна” хэмээн нөхцөл байдлын талаар мэдэгдэв. Харин тус сургуулийн багш нар “Жил бүр алдаатай ном хэвлэдэг, түүнийг засварлахдаа хуудсыг зөрүүлэх зэрэг алдаануудаас болж шинэ ном өмнөх номуудаас зөрүүтэй болсноор хэрэглэхэд төвөгтэй болгодог” гэв.

УИХ М.Нарантуяа-Нара цааш хэдэхдээ “Номын сангийн үйл ажиллагаатай танилцахад хоёр тусдаа номын сан байсан бөгөөд эхний номын сан нь Солонгос улсаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулагдсан гэх бөгөөд номын санд байх номууд нь сурагчдад зориулаагүй, сургалтын хөтөлбөртэй нийцсэн уран зохиол, шинжлэх ухааны номууд байгаагүй” гэв.
“Төр чанартай боловсролыг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэх үүргээ биелүүлэх ёстой байтал сурагчдыг сурлагын дүнгээр нь ялгаварлан гадуурхаж байна”
Үүний дараа “Шинэ эхлэл” ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь сурагчдаа “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-аар сонгон шалгаруулж авдаг гэв. Тус журамд зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид элсэхийг хүсэж буй сурагчийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90 хувь буюу түүнээс дээш, 9 дүгээр ангид элсэхийг хүссэн сурагчийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 80 хувь буюу түүнээс дээш байх ёстой.
Тус сургууль нь ЕБС-ийн үндсэн хөтөлбөрийг олон улсын Кэмбрижийн хөтөлбөртэй зэрэг судалдаг бөгөөд хичээлүүдийн агуулга давхцах тохиолдол байдаг гэв. Өөрөөр хэлбэл Кэмбрижийн хөтөлбөрийг сурагч бүр үздэг ба ижил хичээлийн агуулга давхацсан үндсэн хөтөлбөрийг ч мөн сурах бичгийн хамт давхар үздэг. Мөн “Кэмбрижийн нэг сурах бичиг нь дунджаар 200,000 төгрөгний үнэтэй байдаг” хэмээн номын санч дурдав.
М.Нарантуяа-Нара гишүүн энэ талаар “Ерөнхий Боловсролын хуулийн зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд оршино гэж заасан. Дээрх хоёр сургуулиар зочлоход Монгол улс нэгдсэн нэг боловсролын стандартгүй байгаа нь харагдаж байна. Жил бүр хүүхдийн тоогоор хэвлэдэг сурах бичгүүд нь сурагчдын гарт очихгүй байна. Сурах бичгийн хүртээмж муу бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олон нийтийн сүлжээнд түгээж буй мэдээлэл нь бодит байдалтай огт нийцэхгүй байна” хэмээв. Мөн цаашлан “Төр чанартай боловсролыг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэх үүргээ биелүүлэх ёстой байтал сурагчдыг сурлагын дүнгээр нь ялгаварлан гадуурхаж байна” хэмээлээ.
