БХЯ: “Батхаан” цэвэр усны үйлдвэр тоног төхөөрөмжийнхөө 80 хувийг шинэчиллээ

“БАТХААН” ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын “Батхаан” цэвэр усны үйлдвэр тоног төхөөрөмжийнхөө 80 хувийг шинэчлэх ажлыг амжилттай гүйцэтгэж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

2018 онд байгуулагдсан тус үйлдвэр нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн, олон улсын стандартад тохирсон баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд хэд хэдэн техникийн шинэчлэлүүдийг хийжээ.

Тухайлбал, савлах машины шугамыг 6 метрээр уртасгаж, техникийн шинэчлэл хийж, цагт 2500-3000 ширхэг ус савлах хүчин чадалтай болохоос гадна хуванцар сав үлээх төхөөрөмж болон угаах, савлах, бөглөх 3 үйлдэлт төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь бүтээмжийг 2 дахин өсгөсөн байна.

Мөн савлагааг 0.33л, 0.5л, 1.5л болон 18.9л-ийн савлагаатай болгосноор зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэв.

Үйлдвэрийн зүгээс бүтээгдэхүүний нэршил, хаяг шошгыг шинэчлэн “Батхаан” цэвэр ус болгон өөрчиллөө. Шинэ шошго нь Их эзэнт гүрний Алтан ургийн жанжны нэрийг бэлгэдсэн бөгөөд Батлан хамгаалах салбарын ялан дийлэхийн билэгдэл болох улаан хүрэн өнгө, уйгаржин монгол бичвэрийг хослуулан урласан нь үндэсний онцлогийг шингээжээ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:

2026 оныг Батлан хамгаалах салбарын хэмжээнд “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил” болгон зарласан. Энэхүү шинэчлэлийн нэг хэсэг нь цэвэр усны үйлдвэрийн технологийн шинэчлэл хийж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, батлан хамгаалах салбар өөртөө орлого олох боломжоор хангах явдал юм. Бид дотоодын хэрэгцээ төдийгүй энхийг сахиулах ажиллагаа, олон улсын сургуулилтад оролцож буй алба хаагчдаа стандартын шаардлага хангасан цэвэр усаар тасралтгүй хангах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Түүнчлэн тус үйлдвэрд шинэчлэл хийснээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид үйлдвэрлэлд технологийн шинэчлэл нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх замаар тус үйлдвэрийн хувьцаанаас эзэмшиж, алба хаагчид өөртөө орлого олох боломжтой болохыг онцоллоо.

Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл нь 2025 онд салбартаа ажил үйлсээрээ тэргүүлсэн бөгөөд энэхүү үйлдвэрийн шинэчлэл нь Монгол Улсын болон олон улсын шингэн хүнсний зах зээлд өрсөлдөхүйц чанар гаргах томоохон алхам болж байна гэдгийг БХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.