УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сар шинийн босгон дээр хангайн бүсэд ажиллах томилолтоо Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас эхлүүллээ.
Тэрээр, хаврын урь орж, салхи зөөлрөн, малчны хотонд төл бойжих дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хамт нутгийн зон олонтой уулзан, төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Улсын аварга малчин, саальчин болон салбар салбартаа амжилт гаргасан иргэдэд Төрийн өндөр дээд шагнал, одон медаль гардуулж, хүндэтгэл үзүүлж буйгаа онцлов.
Баян-Өндөр сумын 300 мянган гаруй малын зарим нь зэргэлдээ сумдад оторлосон ч ихэнх нь нутагтаа суурин өвөлжин, угтах хавартай золгож байгаа аж. Сумын Засаг дарга С.Чулууншагайн хэлснээр, гурван багийн нутагт цас нэлээд зузаарч, өвөлжилт хүндхэн байсан ч малчид тэвчээр хатуужил, уйгагүй хөдөлмөрөөрөө даван туулжээ. Мөн энэ жил “гурван түмэн адуутай” болсон бахархам амжилтыг үзүүлсэн байна.
Сумын зүгээс хөргүүр ашиглалтад оруулж, 20 тонн айраг хадгалан, цагаан сарын бэлтгэлийн энэ өдрүүдэд зах зээлд нийлүүлж буй нь нутгийн брэнд болсон цагаан идээний үнэ цэнийг нэмэгдүүлж буй бодит ажил болж байгааг Б.Батцэцэг сайд онцлов.
Мөн энэ үеэр сумын сургууль, цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч гардуулан өгч, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.





