XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат I багийн малчин Цэвээний Ганзориг болон түүний гэргий Ёндонгийн Дулмаа нарт “Улсын аварга малчин” цол, тэмдэг, үнэмлэхийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гардууллаа.
Ц.Ганзориг 2002 оноос бог мал маллаж, сүүлийн жилүүдэд малын тоо толгойноос илүү чанарт онцгойлон анхаарч, Баяд үүлдрийн хонь, Сэлэнгэ үүлдрийн үхрийн аж ахуйг хөгжүүлж байна.
Гэргий Ё.Дулмаа нь малынхаа сүүгээр цагаан идээ бэлтгэж, саван үйлдвэрлэж, 2025 оны сумын “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч” болжээ.
Улсын аварга Ц.Ганзоригийнх нийгмийн хариуцлагын хүрээнд туслах малчин цалинжуулан ажиллуулахаас гадна сумын залуу малчдыг дэмжин малжуулах, Хушаат сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хэрэгцээт зүйлсэд тогтмол дэмжлэг үзүүлдэг байна.



