“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян”-ыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан “Ар Сэвд могойт” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа.
Улсын хошой аварга болсон тус компанийн шагналыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Улсын аваргын цол, тэмдэг, туг, өргөмжлөлийг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар Сэвд могойт” ХХК-ийг Д.Амаржаргал 2001 онд үүсгэн байгуулсан бөгөөд 877 га талбайд газар тариалан эрхэлж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж байна. Тус компани орон нутгаас 10 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж иржээ.
“Ар Сэвд могойт” ХХК “Бурятская остиствая” сортын үрийг хэрэглээнд нэвтрүүлэн жилд га-гаас 24.2-30.4 ц ургац хураан авдаг байна. Жил бүр тариалангийн талбайг хашаажуулан сүрлэн хучлага үүсгэн, цулгуй уриншийн хэмжээг багасгаж тэг элдэншүүлгийн технологийг нэвтрүүлсэн юм. Түүнчлэн тариалангийн 490 га талбайд 35.3 км хашаа барьжээ. Компанийн парк шинэчлэлд 850.8 сая хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд сумын мал бүхий иргэдэд малын тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах Монгол Улсын эдийн засаг 2025 онд 5.9 хувийн өсөлттэй гарч, үүний 60 хувийг анх удаа хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн. Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлбэл ямар их боломж байгааг харуулж чадлаа. Өнгөрөгч онд 48 мянган ажлын байр шинээр бий болсон. Энэ ололт амжилтаа бататгах, ахиулах учиртай гэдгийг онцолсон юм.
