Туркменистаны соёлын цогцолборын улсын төв музейтэй Чингис хаан Үндэсний музей хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад энэ сарын 10-13-нд хийсэн төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ хүрээнд тус улсын Соёлын цогцолборын улсын төв музей Чингис хаан Үндэсний музейтэй хамтран ажиллахаар болжээ.

1998 онд байгуулагдсан тус музей Туркменистаны нутагт хүн үүссэн цагаас XVII зууныг хүртэлх археологийн дурсгал дээр суурилсан аж. Туркменистаны газар нутгаас олдсон хот суурины туурийг сэргээн үзүүлж, шавар эдлэл, хүрэл эдлэл, шаазан, чулуун эдлэлүүдийг он дарааллын хувьд дэглэснээс гадна Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд хамаарах шинэ Ниса, Мерв зэрэг хотын малтлагаас гарсан зарим дурсгал, Монголын эзэнт гүрний өмнөх үеийн Сельджукийн болон Хорезмын хаант улсын цэцэглэлтийн түүхийг харуулсан сонирхолтой дурсгалуудаас бүрджээ. Мөн Согдын үеийн бурханы шашны зарим цуглуулга, хүн чулуу хадгалагдаж байгаа аж.

Музейн захирал М.А.Чарыев, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар тусгайлсан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр музей хамтран ажиллах, Монголын эзэнт гүрний ул мөр, монгол дахь Түрэгийн түүхтэй холбоотой дурсгалуудыг хамтран судлах, ирэх оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулах “Монгол ба Бүс нутгийн үндэсний музейн нэгдсэн форум”-д оролцохыг урьжээ.

Туркменистан нь Цагаадайн улс, Ил хаант улс, умард хэсэгтээ Алтан ордны түүхтэй холбоотой багагүй дурсгалтай бөгөөд цагаадай хэлийг ашиглаж байсан ард түмэн юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.