“Улаанбаатар‑Хөрөнгө оруулалт” арга хэмжээ эхэллээ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын Худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар‑Хөрөнгө оруулалт” долоо хоног арга хэмжээ өнөөдөр /2026.03.16/ албан ёсоор нээлтээ хийж, эхний өдрийн үйл ажиллагаа “Мега төслийн танилцуулга уулзалт өдөрлөг” сэдвийн хүрээнд боллоо. 

Арга хэмжээг нээж, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Даваасүрэн үг хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувийн өсөлттэй гарч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрсэн эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлогын хүрээнд Засгийн газраас “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх” 300 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлд бодитой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Мөн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Т.Даваадалай,  Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг нар үг хэлж, нийслэл хотын эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Худалдааны танхим болон Хүннү хотын хөгжлийн корпорац ХХК хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин” сэдвээр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан илтгэл тавьж, Монгол Улсад хэрэгжиж буй төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, цаашдын боломж, чиг хандлагын талаар танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дараах томоохон төслүүдийг оролцогчдод танилцуулав. Үүнд:

  • Нийслэлд хэрэгжих төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд
  • “Агро сити” төсөл
  • “Хүннү хот” төсөл
  • “Налуу Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн төсөл

Эдгээр төслүүд нь нийслэл хотын эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинэ хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Улаанбаатар‑Хөрөнгө оруулалт” долоо хоногийн арга хэмжээ нь нийслэл хотын хөгжлийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг хүргэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.