ЗЭВСЭГТ ХҮЧИН 105 НАС ХҮРЛЭЭ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

▪️ Баярын хурлын ажиллагаа Зэвсэгт хүчний шинэ бүтээл болон төрлийн цэргийн командлалуудын амжилт, ололтыг харуулсан үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр илтгэл өгснөөр хүндэтгэлийн үйл ажиллагаа албан ёсоор нээгдэв.

▪️ Хурлын хүндэтгэлийн суудалд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал болон бусад албаны төлөөлөгчид саатсан бөгөөд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба баярын хурлыг нээж үг хэллээ.

▪️ Эх оронч уламжлал ба энхийн үйлс

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Халхын гол болон Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын үр хүүхэд, ач зээ нарт гүн хүндэтгэл үзүүлсэн юм.

▪️ Ажиллагааны үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан цэргийн алба хаагчдад Төрийн одон медаль гардуулж, “Монгол цэрэг” алдарт шүлгийн зохиогч, яруу найрагч До.Болдхуягт тусгайлан хүндэтгэл үзүүллээ.

▪️ Батлан хамгаалахын сайд Д.Батлут баярын хуралд хэлсэн үгэндээ дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол цэргийн сүр хүч, дайчин уламжлал бол бидний үндэсний бахархлын дархлаа юм. Өнөөдөр манай цэрэг дайчид зөвхөн эх орноо хамгаалаад зогсохгүй, дэлхийн 3 тивийн 10 гаруй улсад энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж, улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байна” хэмээн онцолсон юм.

▪️ Мөн Барилга-инженерийн цэргийн бүтээн байгуулалт дахь оролцоо, дотооддоо зэвсэглэл, техник үйлдвэрлэж буй туршилт судалгааны ажлуудыг шинэ шатанд гаргахаар ажиллаж байгааг онцлоод, цаашид цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үе шаттай арга хэмжээ авч ажиллаж буйгаа танилцууллаа.

▪️ Баярын хурлын төгсгөлд Жанжин тугийг буцаан залах ёслол үйлдэж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн бэлтгэсэн “Монгол цэргийн сүлдэнд” хүндэтгэлийн концерт тоглосноор арга хэмжээ өндөрлөв.

🇲🇳Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!🇲🇳

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.