Миний хэзээ ч уулзаагүй, гэхдээ зүрх сэтгэлдээ ойрхон мэдэрдэг аавдаа /Бэрийн захидал/

Сайн байна уу ааваа? Та минь диваажингийн орноос биднийг харж баярлаж суугаа байхаа. Заримдаа өхөөрдөж, хааяа багахаан чамлаж, магадгүй миний л аав шиг энэлэн сууна уу.

Таны уужуу сэтгэл, халуун хайранд энхрийлэгдэж өссөн хүү тань өнөөдөр миний амьдралын түшиг тулгуур болж, бид хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Таны үргэлжлүүлсэн хайр, хамгаалсан энэрэл, түшиж тулсан халамжийг нь би өдгөө түүний хань нь болж үргэлжлүүлэн таны орон зайг бүрэн дүүргэхгүй ч эрхлүүлсэн их хайрыг мэдрүүлэхсэн гэж хичээх юм.

Хүү тань аавыгаа санадаг цор ганц зовлонтой, эцэг хүний энхрийлэл хайраас өөр дутагдах зүйлгүй амгалан байгаа. Эх газрын зөөлөн хөрс, нар, хуранд угаагдаж, эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүйрмэглэж, хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхий ханийнхаа таныг санах мөч бүхэнд өрөвдөж хажууд нь аав нь байсан бол доо гэж хааяа санаа алдан сууна. Гэхдээ санаа зоволтгүй ээ ааваа, Хүү тань удам залгах нуган үрээ хүлээн амьдралын хором мөч бүхэнд хатуужин ухаарч гэр бүлээ хайрлан энэнэрч завгүй яваа.

Танд дуулгах сайхан байгаа учраас энэхүү захидлыг бичиж сууна. Манай гэр бүл өдгөө дөрвүүлээ. Хоёр сайхан охиноо өсгөж, аз жаргалтай амьдарч байна. Харин одоо тав дахь гишүүнээ хүлээн авах баярт мөчийг танд дуулгах гээд догдлон сууна. Таны удам залгах бяцхан хүү хэвлийд минь бойжиж, энэ хорвоод ирэх өдрөө хүлээж байна. Тэр таны гурав дахь үе. Тэр таны гал голомтыг үргэлжлүүлэх хүү. Хэдий бид биеэр уулзаж амжаагүй ч таны уужуу сэтгэл, элбэрэлт хайр энэ гэр бүлд минь шингэсэн. Тэнгэрээсээ биднийг ивээж, бяцхан үрийг минь харамгүй хайрлаарай.

Таны тухай сонсоход, та ах дүүдээ түшигтэй, зөөлөн сэтгэлтэй нэгэн байсныг хүн бүр дурсдаг. Хүмүүст туслах, хайраар хамгаалах сэтгэлийн түүчээ болж байсан тань олон хүнд үлдээсэн сайхан дурсамжаас сонсоход гэгээн байдаг. Хүү маань таныг дуурайсан өр нимгэн сэтгэлтэй, олонд хүндлэгдсэн нэгэн байгаасай гэж бид хүсэж байгаа. Аав минь бидэнд ирээсэй гэж бид 2 үргэлж ярилцдаг. Та минь ухаарал хайр энэрлээ түгээсээр бидний амьдралд хүү минь болж ирээрэй.

Бага байхдаа хүүтэй нь нэг ангид сурч, та манай аавтай та нэг мэргэжлийг эзэмшин, айл саахалт аж төрж байсан гээд учиг зангилаа их ч таны бэр болчихсон сууна гэж хэн ч төсөөлөөгүй, бас ерөөл гэлтэй хувь тавилан байжээ.

Таны хүүгийн хань, таны удмын нэгээхэн хэсэг бэрээс нь

Top of Form

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.