“Гэрээсээ гарцгаая” төслийн нээлт боллоо

Хүн бүрт хүртээмжтэй, ээлтэй нийгмийг бүтээх зорилготой “Гэрээсээ гарцгаая” төслийн нээлт “Трансбус” ХХК-ийн автобус баазад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү төсөл нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилсан “Гэрээсээ гарцгаая” аян-аас эхлэлтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, харааны бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй иргэдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, төслийг хэрэгжүүлэгч JCI Grand салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч П.Баяржаргал болон түүний баг хамт олон, Нийслэлийн Хөгжлийн корпорацын төлөөлөл, “Трансбус” ХХК-ийн удирдлага, жолооч нар, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны төлөөлөл оролцож, нээлттэй ярилцлага өрнүүллээ. Ярилцлагын үеэр тэргэнцэртэй иргэд яагаад автобусанд суух, буухад хүндрэлтэй байдаг, нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн сайжруулах боломжтой талаар оролцогч талууд олон өнцгөөс санал бодлоо солилцов.

Мөн хүртээмжийн бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит гарцын талаар хэлэлцсэн нь арга хэмжээний гол агуулга байв. Арга хэмжээний хүрээнд Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо-ноос автобусны жолооч нарт зориулсан практик сургалт зохион байгууллаа. Сургалтаар тэргэнцэртэй иргэн, харааны бэрхшээлтэй иргэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй зорчигчдод хэрхэн зөв, аюулгүй үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгч, бодит нөхцөлд ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дадлага хийв.

“Гэрээсээ гарцгаая” төсөл нь хүн бүр нийгмийн амьдралд тэгш, саадгүй оролцох боломжийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэр болон олон нийтийн орчны хүртээмжийг сайжруулах зорилготой юм. Төслийн хүрээнд цаашид хүртээмжийн талаарх ойлголтыг түгээх, үйлчилгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, бодит орчны сайжруулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллах юм. Хүн бүр гэрээсээ саадгүй гарч, аюулгүй зорчиж, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжтой байх нь хүртээмжтэй нийгмийн үндэс билээ. Энэ утгаараа “Гэрээсээ гарцгаая” төсөл нь хүн төвтэй, тэгш боломжийг эрхэмлэсэн нийгмийг цогцлоох чухал санаачилга болж байна

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.