АН-ын дотоод сунгаа ширүүн өрсөлдөөнтэй болж, дууслаа. Зарим аймаг, дүүрэгтээ хэл ам, хэрүүл уруул ихтэйхэн л сонгууль болсон сурагтай.
Харин Хан-Уул дүүргийн АН-ын дотоод сунгаа элдэв сөрөг мэдээлэл, хэл амгүй нам гүмхэн болж, эцэстээ УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшин дүүргийн намын дарга болжээ. Намын даргын өрсөлдөөнд дөрвөн хүн оролцох байсан ч санал хураалтын өмнө хоёр нь нэрээ татжээ. Нэг нь АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Ганболор аж. Нөгөөх нь Отгонбаяр гэх залуу. Харин үлдсэн хоёр хүн болох УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Тэнүүн нарын хооронд өрсөлдөөн болж, намын хорооны 156 хүн санал хураалтад оролцсоноос Б.Түвшин 55 хувийн санал авч, ялалт байгуулсан байна.

Сонирхолтой нь нам гүмхэн эл байдлын цаана дүүргийн АН-ын даргын төлөөх сунгаанд нүд бүлтийлгэж, чих сортойлгом түүхтэй хэд хэдэн хүн өрсөлдөхийг санаархсан ч анхан шатандаа дэмжлэг авалгүй унасан гэх мэдээллүүд байна. Тодруулж хэлбэл, дүүргийн намын даргын төлөө 3-4 фракц ажиллажээ.
Эх сурвалжуудын мэдээллээр эхнийх нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу. Тэрбээр нэлээд ач холбогдол өгч, зүтгэсэн гэх. Гэхдээ өөрөө дарга болох гэж биш. Хан-Уул дүүргийн АН-ын хуучин дарга П.Мөнхбаатар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг нүүр царай болгон урдаа түлхэж, харин ард нь “Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Д.Сүндий дүүргийн намын даргад санаалж байсан бололтой. Д.Сүндийгийн хувьд эхнэрээ зодсон хэргээ нуухын тулд цагдаагийн мөрдөгчдөд хахууль өгсөн хэргээр гурван жилийн ялаа эдлээд гарч ирсэн билээ.

Дараагийнх нь МоАХ-ныхон буюу П.Мөнхбаатараас өмнө дүүргийн намын дарга байсан Гансүх гэдэг хүний талынхан намын даргаа авна гэж. Товхондоо Женко тал гэсэн үг. Тэд О.Тэнүүнийг сунгаанд “уралдуулжээ”. О.Тэнүүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, МоАХ-ы дарга Х.Баттулгын хүргэн. УИХ-ын гишүүн асан, “Оюуны Ундраа” группийн үүсгэн байгуулагчдын нэг Сайнбуянгийн Отгонбаярын хүү юм. Түүний тухай мэдээлэл их хомс. Халтмаагийн Баттулгын хүргэн гэдэг утгаараа улс төрийн хүрээнд яригдаж, Ардчилсан намтай холбоотой улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байдаг. Олон нийтэд бүрэн танигдаагүй учраас улс төрд шинээр орж ирж буй төлөөлөл, залуу хүн гэдгээр л дэмжигчид нь хардаг байх.

Гурав дахь нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа. Түүний хувьд АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Ганболорыг дэмжиж, зүтгүүлсэн гэх. Э.Ганболор МУИС-ийн Олон улсын харилцаа багш, орчуулагч мэргэжлээр төгссөн залуу. 2003 онд Ардчилсан намын орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан хий эхэлснээс хойш нам, улс төрийн ажилтай холбогдсон хүн юм байна.

Дөрөв дэхь нь УИХ-ын гишүүн Б.Түвшин. Түүний хувьд хэн нэгэнтэй нэгдэж, фракц үүсгэж яваагүй гэх бөгөөд анхнаасаа Хан-Уул дүүргийн намын даргад ач холбогдол өгч ажиллана гээд намдаа үүрэг амлалтаа өгсөн гэх. Түүний хувьд 2008-2012 онд Хан-Уул дүүргийн төлөөлөгч, 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, 2020 онд Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшээд унаж байсан хүн. Ерөнхийдөө дүүргийнхээ бүх түвшинд ажиллаж байсан юм байна.
Ийнхүү Хан-Уул дүүргийн АН-ын даргын сунгаа мөнгө тараалттай, царцаатай”, уналттай, сэргэн мандалттай сонгууль болж, эцсийн дүндээ намын хороо, ҮБХ-нд намынхаа төлөө 10-20 жилийн амьдралаа зориулж зүтгэсэн хүмүүс болох үүрийн дарга нар болон шинэ үеийн залуучууд олноор орж, бүх үеийн төлөөлөл багтсан “эрүүл” бүтэц бүрджээ.
Харин насаараа ҮБХ-нд байсан хүмүүс дийлэнх нь хорооныхоо сонгуульд унаад, анхан шатыг мөнгөөр шийдэж ирсэн арга барил нь ард хоцорсон гэдгийг мэдэрцгээсэн аж. Өөрөөр хэлбэл Хан-Уулын АН-ын анхан шатныхан мөнгөөр биш үзэл бодлоороо эцсийн сонголтоо хийсэн болж таарав. Мөнгөөр, фракц бүлэглэлээрээ “зодоод”, энэ намыг зарж идээд явж байя гэсэн бодолтонгууд шинэ үеийнхний салхинд туугдаж, одоо л нэг шинэ салхи сэвэлзэж, гэрэлтэй ирээдүй харагдаж байна хэмээн тус дүүргийн АН-ын анхан шатныхан баяртай байгаа гэнэ.

Энэ дүүргийн АН-ын даргын сунгааны хамгийн авууштай зүйл нь Халтмаагийн Баттулгын хүргэн Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөөд ялагдсан нь нэг зүйлийг тод харууллаа. Өмнө нь “том хүний хүн” гэдэг ойлголт ялалтын баталгаа мэт яригддаг байсан бол энэ удаад тийм биш байж болохыг харууллаа гэхэд болно. Өөрөөр хэлбэл фракцын дэмжлэг суларсан, дотоод өрсөлдөөн илүү ширүүссэн, намын анхан шатны гишүүдийн сонголт илүү бие даасан болж эхэлж байгааг харуулсан сайн дохио. Энэ үр дүнг зарим нь “Х.Баттулгын нөлөө суларч байна” гэж харах бол нөгөө хэсэг нь “АН дотоод ардчилал руугаа орж байна” гэж харах нь дамжиггүй. Хан-Уул дүүргийн АН фракцын тохирооноос салж, нэг удирдлага, нэг бодлого руу шилжиж, шударга өрсөлдөөн, ил тод байдлыг сэргээж чадвал “хуваагдал” нь эргээд шинэчлэлийн эхлэл болж чадна.
Банзрагчийн Түвшин Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга болсныг зөвхөн нэг томилгоо биш, харин намын дотоод стратегийн дохио гэж харж болно. Яагаад гэвэл тус дүүрэг нь хотын зангилаа дүүрэг. Улаанбаатарын хамгийн хурдтай өсч буй, дундаж давхарга төвлөрсөн дүүрэг. Энэ дүүргийг атгана гэдэг нийслэлийн сонгуулийн “түлхүүр”-ийг атгасантай адил.

АН доторх талцал олон жил үргэлжилсэн. Тиймээс Б.Түвшин шиг харьцангуй “зөрчил багатай” хүн дүүрэг удирдах нь дотоод эв нэгдэлд эерэг сигнал өгч мэднэ. Гэхдээ мэдээж эрсдэлүүд бий. Энэ дүүрэгт МАН-ын суурь ч сул биш. Сонгогчид илүү “үр дүн” хардаг, хоосон популизмд автах нь бага. Тийм учраас Б.Түвшингийн томилгоо баталгаатай ялалтын баталгаа биш ч гэсэн зөв чиглэлийн эхлэл байж магадгүй. Хэрвээ тэр бодит асуудал шийдэж, хотын сонгогчидтой “ярьдаг” хэлээр ажиллаж, намын дотоод зөрчлийг багасгаж чадвал тэр үед энэ томилгоо жинхэнэ ялалтын эхлэл болж чадна.
