Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, өрхөө бүтээх зэргээр угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна.
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектын гал түймрийн 1493 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж буй бөгөөд гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.
Сайжруулсан түлшээр нэг удаа галлахдаа 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Мөн шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой ч хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж байна. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл бий болдог.
Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.