Нийслэлийн тэргүүний өрх, тэргүүний тариаланч, бүтээлч ахмадыг шалгарууллаа

Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй 

  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”
  • Есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”
  • Есөн иргэнийг “Бүтээлч ахмад”
  • Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнажээ.

Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай “Бид 2018 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалаад байна. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” хэмээлээ. 

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүлийн хувьд дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тууштай хийдэг. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм. 

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.