Өнөөдөр эхийн ачийг хариулах дүйчэн өдөр

Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр билгийн тооллын намрын адаг сарын 22 буюу өнөөдөр тохиож байна.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба дүйчэн өдрөөр сүсэгтэн олонд тэгчэн сожон айлдлаа. Сожон сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвөд үг юм.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос замбуутивд эргэн заларсан хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг ажээ.

Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дуурайл болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай хэмээн үздэг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.