УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар ирэх төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат “Төрийн албаны зөвлөлийн ирэх оны төсөв 2024 оныхоос 14.3 тэрбум төгрөг буюу 80 гаруй хувиар өссөн байна. Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бүтэц ямар түвшинд байна вэ, төсөв нэмэгдэх хэрээр төрийн алба хэрхэн чадавхжих вэ?” гэсэн асуултад хариулт хүссэн юм.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн тоо бүртгэлийг тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгодог. Энэ сарын байдлаар, 4271 төрийн байгууллагад 228.820 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр төрийн албан хаагчдын 1.7 хувь нь улс төрийн, 10 хувь нь төрийн захиргааны, 20 хувь нь төрийн тусгайгийн, үлдсэн 68 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албан хаагчдын дундаж нас сүүлийн 3 жилд залуужиж, 38.6 болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгүүлсэн иргэдийн 40 хувь нь ажилд орж байна. Хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцооны цахим системийн дэд бүтцийн болон тоон системд шинэчлэл хийхийн тулд хөрөнгө нэмж төсөвлөсөн” гэв.
Тус байнгын хороо ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.