Өнөөдөр НҮБ-ын өдөр

Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) өдөр тохиодог. НҮБ-ын дүрмийг 1945 оны энэ өдөр баталж, 1948 оноос хойш НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж эхэлжээ.

НҮБ нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

Монгол улс 1946 онд элсэх өргөдлөө анх гаргасан ч тухайн үеийн өрнөдийн орнуудын эсэргүүцлийг давж гаран, 8 удаа өргөдөл гарган, 15 жилийн дараа 1961 онд гишүүн болсон.

Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг “Бичигтэн болох 10 жил” хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.

Өдгөө Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос оролцож, өнгөрсөн хугацаанд 12 ажиллагаанд 20 мянга гаруй албан хаагчаа илгээн үүрэг гүйцэтгүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч топ 24 дэх орон болсон юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Португаль улсын иргэн Антонио Гутерриш юм 2017.01.01-ээс өнөөг хүртэл ажиллаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга нь олон улсын маргааныг шийдвэрлэхэд зуучлах, энхийг сахиулах үйл ажиллагааг зохицуулахаас гадна НҮБ-ын олон нийтийн нүүр царай болж, бодлогын санаачилгын гол төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.