Ирэх сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын харьяатай улсын дугаар олгохгүй

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор ирэх сараас эхлэн нийслэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлэх юм.

Үүний хүрээнд, ирэх сарын 8-наас  импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын харьяатай улсын дугаар олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн ирэх 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн албаныхан мэдээллээ. 

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүрэх тооцоолол гарчээ. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсэхийг онцоллоо. 

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарлалтыг 730 мянга байхаар тогтоосон. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Энэ нь түгжрэлийг нэмэгдүүлж, цаашлаад эдийн засгийн асуудалд нөлөөлж байна гэх дүгнэлт гарчээ. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан юм. 

Дугаар олголтыг хязгаарлах ажлын хүрээнд нийслэлд 10 жилээс дээш явсан, хэт хуучирсан тээврийн хэрэгслийг хориглохоор болсон байна. Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 165 мянга гаруй авто машин байдаг нь нийслэл дэх нийт тээврийн хэрэгслийн 21 хувийг эзэлдэг аж. 

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266 тээврийн хэрэгсэл байгаа аж. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 34 хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг. Мөн улсын чанартай авто зам ашигласан төлбөрөө төлөөгүй 510 мянган тээврийн хэрэгсэл байгаа аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.