21 аймгийн ойн инженер, ойжуулалтын мэргэжилтнүүд туршлага судаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюутолгой” компани, Ойн газартай хамтран “Хангай бүсийн ойжуулалт” туршлага судлах аяллыг 21 аймгийн сум болон сум дундын ойн ангийн албан хагчдад зориулан зохион байгууллаа.


Сургалтад 21 аймгийн 40 гаруй сум дундын Ой ангийн инженер, ойжуулалтын мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн 90 гаруй төлөөлөгч хамрагджээ. Оролцогчид аяллын хугацаанд Сэлэнгэ аймгийн  Шаамар, Сүхбаатар сум, Бугант тосгон, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй “Бугант нандин”, “Мандан баясах”, “Ой баясах” компанийн мод үржүүлгийн талбайг үзэж туршлага судлах, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн талбайн үйл ажиллагаатай танилцсан байна.

Уг төсөл нь 2026 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хүрээнд мод үржүүлж, 630 га газрыг ойжуулах бөгөөд төслийн багийнхан ойжуулсан талбайгаа 2026 онд Ерөө сумынхаа Сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх юм. Монгол Улсынхаа мод үржүүлгийн салбарт БНСУ-ын туршлага, технологийг нэвтрүүлж буй бөгөөд газар хагалах, үр суулгахаас эхлээд усалгаа хийх зэрэг мод тарьж, ургуулах хүртэл бүх шатанд хүний хөдөлмөр хөнгөвчилж, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдийг төслийн хүрээнд Солонгос улсаас хангажээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдээр хангах чиглэлд төрийн бодлого чиглэж, энэ салбарт гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.