Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч, профессор Жигоро Каногийн мэндэлсэн өдөр буюу аравдугаар сарын 28-ныг дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэх болжээ.
2011 оноос эхлэлтэй энэ өдрийг жүдо бөхийн спорт хөгжсөн 200 орчим оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Олон улсын жүдо бөхийн холбооноос “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэж байна.
Монголын жүдо бөхийн холбооноос эл өдөрт зориулсан Монголд жүдо бөхийн спортын хөгжлийн суурийг тавигч Ч.Машбат агсны нэрэмжит “Сенсей кап” дотоодын чансаа олгох тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулж байна.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо жингийн ангилалд 46 байгууллага, клубын 220 тамирчин өрсөлдөх бөгөөд эхний өдөр долоо, маргааш буюу 29-нд үлдсэн долоон жингийн барилдаан болох хуваарьтай аж. Жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин ирэх сарын 23-нд “Топ-6” тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.