Улаанбаатар хот өвөлжилтийн бэлтгэлийнхээ 98.5 хувийг хангаад байна.
Цахилгаан, дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 654 төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Тухайлбал, улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 18 байршилд 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн нь 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13715 айл, өрх байгаагаас 8840 айлыг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгожээ.