Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран “Монголын орон сууцжуулалтын ирээдүй 2024” олон улсын форумыг зохион байгууллаа.
Форумын үеэр дараах асуудлуудыг онцолжээ.
– Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй.
– Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал. Орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил шийдвэрээ хүлээдэг.
– Арилжааны банкны өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудлыг онцолжээ.
Цаашдаа Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож зорилтот бүлгээ орон сууцжуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь хангахаар ажиллах аж.
Түүнчлэн, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн хашаандаа сайхан амьдрах боломж, нөхцөлөөр хангах аж. Үүнд төрийн байгууллагын зүгээс нийслэлтэй хамтран дэд бүтцийг бүтээн байгуулж, хотын төлөвлөлттэй уялдуулан, ногоон байгууламжтай, стандартад нийцсэн үл хөдлөх хөрөнгө болох барилга, байшинг барихыг дэмжих юм.
Эдгээр санал, шийдлийг бүрэн ажил хэрэг болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно хэмээн ГБХНХЯ-наас мэдээллээ.