Мал, амьтны өвчнийг оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон албаны бусад хүнийг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд С.Амарсайхан, АНУ-ын ОУХА-аас манай улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр ч үр дүнтэй байгааг тодотголоо. Түүнчлэн өнгөрсөн өвөл манай улсад тохиолдсон зудын хүндрэлийг давахад тусалсанд талархаж байгааг онцлоод, цаашид мал аж ахуй салбар, бүсчилсэн хөгжил бодлого, УОК-ын асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын ОУХА нь манай улсад ЖДҮ, эрчим хүчний салбарын шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж иржээ. Онцолбол мал, амьтны өвчнийг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа мал, амьтны гаралтай өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарч байна.

Мөн Улсын онцгой байдлын албан хаагчдыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад хамтарч ажиллахаар санал солилцлоо. Гамшгийн эрсдэлийг багасгахад онцгой байдал, холбогдох албан байгууллагаас гадна төр засаг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” төслийг дэмжихээс гадна энэ өвлийн хүндрэлийг даван туулахад тусалж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлснийг ОБЕГ мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.