Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар хилийн цэргийн 0209 дүгээр салбарыг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дэлгэрцогтын Намжилын нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагааг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулжээ.
Үйл ажиллагаанд ХХЕГ-ын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын хилийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Энхжаргал, Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Э.Майдар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Д.Намжилын ач хүү Л.Энхсайхан, авга дүү Э.Отгонбаатар, Цэргийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ц.Ганболд, тус ангийн ахмад хилчдийн төлөөлөл оролцжээ.
Д.Намжил нь 1911 онд Засагт хан аймаг, Итгэмжит гүний хошуу одоогийн Говь-Алтай Цогт сумын Далан баг “Дэрсэн” гэдэг газар төрсөн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг хамгаалах тухай түр заавар, “Дотоод явдлын яамны хилийн төлөөлөгч, пунктын дарга нарын гүйцэтгэх ажлын түр заавар” зэрэг Хил хамгаалах байгууллагын бодлогын баримт бичгүүдийг боловсруулсан. Баруун аймгуудад гарсан эсэргүү бослого, хилийн үймээн самууныг дарах ажиллагаа болон 1945 оны чөлөөлөх дайн, 1946-1947 оны баруун хил дээр болсон тулгаралт, байлдааны ажиллагаануудад отряд, бригад командлан оролцож ялалт байгуулж байсан түүхтэй. Д.Намжил нь эх орныхоо торгон хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албанд зүтгэхдээ олон арван тулгаралт байлдаанд ялалт байгуулснаар хилийн цэргийн түүхэнд цэл залуухан насаа мөнхлөн үлдээсэн билээ.
Эх сурвалж: ХХЕГ