Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгосон хүрэл цутгамал “Чингис хаан” цом

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигаар “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгохоор шийдвэрлэсэн билээ.

Анх удаа олгож буй тус цом 126 см өндөр, 18 кг жинтэй аж. Хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичсэн байна. Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлжээ.

Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урласан ажээ.

Тус цом нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах бөгөөд “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулна.

Хамгийн анхны цомыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Э.Даш хүртсэн билээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.