Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх Ганц худгийн ам орчим нь сүүлийн жилүүдэд дараалан үер бууж байсан эрсдэл ихтэй байршил юм. Тиймээс тухайн байршилд гурван хэсэгт ус хуримтлуулах сан бүхий 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөж, газар шорооны ажлыг хийж байна.
Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэж, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин үерт автаж байсан. Мөн 2018, 2021, 2022 онд Дарь-Эхийн үерийн улмаас хохирол үүсэж, Ганц худгийн урссан замыг дахин барьсан.
2024 оны хавар Дарь-Эх Ганц худаг орчимд газар чөлөөлөлтийг эхлүүлж, өнөөдрийн байдлаар ГУБГГ-аас 11 машин механизм, 23 инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр тухайн байршилд ажиллаж байна. Ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийх бөгөөд ажил 10-20 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин ирэх хавар инженерийн хийцлэлтэй барилгуудыг барихаар төлөвлөж, төсөвт санал оруулсан аж.
Тодруулбал, Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжүүлэн 3 шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.