Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхлээд байна.
Сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох ажлын эхлэл зургаан настнуудын үзлэгээр тавигдаж байна. Цаашид 10 настайд нь амьсгалын эрхтэн тогтолцоо, 8 дугаар ангид нь мэдрэлийн эрхтэн тогтолцоо, 12 ангид нь шээс бэлгийн замын эртхэн тогтолцооны гэх мэт үе шаттайгаар үргэлжилнэ. Бид тандалт хийх зорилгоор 2 аймаг, 1 дүүрэгт үзлэг хийсэн. Үүнээс нийт хамрагдсан хүүхдүүдийн 11 хувь нь зүрхний өөрчлөлттэй, 21 хувь нь харааны өөрчлөлтэй, 80 хувь шүдний өвчлөлттэй байхаар байна гэсэн тооцооллыг гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн 23 хувь нь нүдний өөрчлөлттэй, 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарч байгаа нь хүүхдийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байна” хэмээн онцлов.
Өнөөдрийн байдлаар зүрхний үзлэгт 2067 сурагч хамрагдсанаас 0.34 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсанаас 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсанаас 83 хувь нь өвчлөлтэй гараад байна. Тухайлбал, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна.
Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт зөвхөн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн 39 мянган сурагч хамрагдах бол хөдөө орон нутгийн сурагчдыг ирэх жилийн 4 дүгээр сараас хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлсэн судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг . Тодруулбал нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн,
– 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
– 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
– 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
– 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэсэн дүн гарчээ.