Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн 29-р бага хурал Азербайжан улсад болж байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал (COP29) энэ сарын 11-22-ны хооронд Азербайжан улсын нийслэл Баку хотноо зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд COP29 дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм.

2015 оны тус уулзалтаар удирдагчид дэлхийн температурыг 1.5 хэмээс дээшгүй байлгах хэлэлцээрт гарын үсэг зурж, Парисын хэлэлцээр хэмээн нэрлэсэн. Харин 2024 оны зун дэлхийн хамгийн халуун зун болж бүртгэгдсэн нь улс орнуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. 

Энэ оны COP29 дээд хэмжээний уулзалтын үеэр Парисын хэлэлцээрийн биелэлт, уур амьсгалын эсрэг авах арга хэмжээ, дасан зохицоход тулгамдаж буй асуудлын талаар голлон хэлэлцэх бөгөөд энэ хуралд 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцох аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.