Арменийн нийслэл Ереван хотод чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
37 дахь удаагаа болж буй тэмцээнд 22 орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 18 тамирчин оролцож байна. Монголын баг эхний хоёр өдрийн дараах байдлаар нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Сүлдхүү алтан медалиар энгэрээ мялааж, 57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Даваабанди мөнгөн медалийн эзэн болжээ.
Армийн дэлхийн аварга О.Сүлдхүүгийн хувьд хэдхэн хоногийн өмнө олимпын бус жингийн ДАШТ-д V байр эзэлснээс гадна ААШТ-ий хүрэл медальтай юм.
Харин эмэгтэйчүүдээс 37 дахь удаагийн тэмцээний анхны медалийг 55кг-д Ази тивийн аварга, Залуучуудын олимпын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер М.Дөлгөөн хүртжээ. Тэмцээн өнөөдөр эмэгтэй дөрөв, эрэгтэй гурван жингийн барилдаан явагдсанаар дуусах юм.