Намибийн ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч СВАПО намын нэр дэвшигч Нетумбо Нанди-Ндайтва эхний шатанд 57 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсныг сонгуулийн хороо мягмар гарагт мэдэгдсэн.
Н.Нанди-Ндайтва нийт сонгогчийн 50-иас дээш хувийн санал авсан тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шаардлагагүй юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Намибийн ард түмэн энх тайван, тогтвортой байдлын төлөө саналаа өглөө” хэмээн мэдэгджээ.
Сонгуулийн хорооны мэдээлснээр, “Өөрчлөлтийн төлөөх бие даасан эх орончид” намын /IPC/ Пандулени Итула 26 хувийн санал авснаар хоёрдугаарт бичигдсэн байна. Тэрбээр намынхаа гишүүдийн хамтаар “алдаа мадагтай сонгуулийн дүнг эсэргүүцнэ” гэдгээ мэдэгджээ. Сонгуулийн ирц 77 хувьтай байв.
Өдгөө 72 настай, одоогийн Дэд ерөнхийлөгч Н.Нанди-Ндайтва 1990 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Намибийн улс төрд давамгайлж ирсэн намаас нэр дэвшсэн бөгөөд ялах өндөр магадлалтайд тооцогдож байлаа. Гадаад хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалыг олон жил хашиж байсан тэрбээр дотооддоо төдийгүй хилийн чанадад хэдийн танил болсон юм.
Намибичууд мөн 11 дүгээр сарын 27-нд болсон сонгуулийн үеэр шинэ парламентаа сонгосон юм. СВАПО буюу “Баруун Өмнөд Африкийн Ардын байгууллага” нь 96 суудлын 51-ийг авсан бол IPC 20 суудал авч, албан ёсоор сөрөг хүчин болжээ. Санал хураалтын үеэр техникийн асуудал гарч, саналын хуудас дутсаны улмаас зарим газарт санал хураах хугацааг сунгасан нь сонгуулийн дүнг зарлах тов хойшлогдоход хүргэжээ. IPC үүнийг “сонгогчдыг бухимдуулах санаатай оролдлого” гэж үзэж байгаа бөгөөд сонгуулийн дүн ямар ч гарсан байлаа гэсэн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж өмнө нь мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт “олон тооны зөрчил гарсан” гэж П.Итула хэлсэн байна.