Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейны Манама хотноо энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү тэмцээнд 92 орны 470 гаруй тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 10 жингийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 81 кг-д МУГТ М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ У.Ануужин, 76 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ нар өрсөлдөнө.
Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, олон улсын хэмжээний мастер У.Ануужин өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30 цагт өргөлтөө хийх бөгөөд С группт өрсөлдөх юм. Тэгвэл маргааш 76 кг-д О.Төгс-Эрдэнэ, нөгөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг нар өрсөлдөнө. Түүнчлэн олон улсын шүүгч Л.Одгэрэл ДАШТ-ий дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ээс гавьяат тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 онд огцом өргөлтөөр хүрэл, 2021 онд огцом өргөлтөөр мөнгө, түлхэлттэй өргөлтөөр мөнгө, нийлбэр дүнгээр алт, 2022 онд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртэж байсан юм.