Монголын үндэсний паралимпын хорооноос 2024 оны шилдгүүдээ тодрууллаа.
Монголын паралимпын шигшээ багийнхан “Парис-2024” наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр оны шилдгүүдээ тодруулах ёслолоо зохион байгуулсан бөгөөд энэ жил үзүүлсэн амжилтаараа хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав шилдгийн шилдэг тамирчнаар тодорчээ. Түүний хувьд “Парис-2024” паралимпын наадамд түрүүлснээс гадна Ази болон ЕАШТ-ээс алт, дэлхийн чансаа тогтоох болон дэлхийн цомын цувралаас мөнгөн медаль хүртсэн юм.
Харин шилдэг эмэгтэй тамирчнаар пара байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ, эрэгтэй тамирчнаар “Парис-2024” наадмаас мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ, гавьяат тамирчин Ц.Баттулга, Г.Болор-Эрдэнэ нар шалгарав. Түүнчлэн “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, “Шилдэг холбоо”-гоор таеквондогийн холбоог нэрлэсэн байна. Мөн шилдэг дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Д.Батнасан, Д.Махашири нар тодров. Үүнээс гадна өвөл, зуны паралимпын долоо, Азийн хоёр паралимпын наадмыг сурвалжилсан МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Батжаргалыг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнажээ. Бусад шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг дэмжигч
“Нэт капитал” санхүүгийн групп. Тус групп паралимпын наадмын эрх авсан 12 тамирчныг санхүү болон бэлтгэлийн хувцас ивээн тэтгэжээ.
Шилдэг ивээн тэтгэгч
“Улаанбаатар барилга үйлдвэрийн комбинат-2” компани. Тус байгууллага нь паралимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, МҮПХ-ны үйл ажиллагааг 2009 оноос ивээн тэтгэж байгаа
Шилдэг сурталчлагч
“Централ” телевиз. Зуны паралимпын наадмыг орон даяар шууд дамжуулж, Монголд пара спортыг сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Шилдэг залуу тамирчин
Пара пауэрлифтингийн дэлхийн цомын алт, залуучуудын Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон 18 настай Д.Жигмэдийг тодруулав.