“Хавдар судлалын үндэсний төв II” Ерөнхийлөгчийн ивээл дор баригдана

“Хавдар судлалын үндэсний төв-II” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гүйцэтгэгдэхээр захирамж гарлаа.

Уг захирамжаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулж бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭЗХ-ийн төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллахаар болжээ.

Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор болгон илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг байгуулахаар тусган Ерөнхийлөгчийн зүгээс ажлын хэсэг байгуулж байгаа юм. Монголын төдийгүй дэлхий дахины томоохон асуудал болоод байгаа хавдрын асуудалд ийнхүү Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас онцгой анхааран дэмжлэг үзүүлэхээр болов.

Уг эмнэлгийг барих газрыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт 12 га газрыг гаргахаар шийдээд байсан бол нэмээд 3 га газар гарган цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгохоор болж газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа аж.

Хот төлөвлөлтийн тухайд хотын баруун бүсэд байгаа гэдгээрээ иргэдэд эмнэлгийн хүртээмж талаасаа хамгийн зөв шийдэл хэмээн төлөвлөлтийнхөн үзэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.