Б.Батцэцэг: Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг улам хялбар, шуурхай болгоно

Гадаад харилцааны яам энэ оны ажил хэргээ дүгнэн, ирэх оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Энэ онд Монгол Улсын гадаад харилцаа агуулга, чанарын хувьд цар хүрээ тэлэн батжиж, үүний илэрхийлэл болсон дээд, өндөр түвшний олон айлчлал, арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Онцлог заримаас нь жишээлэн дурдвал,

-Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд 3, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны сайдын түвшинд 8 айлчлал хэрэгжжээ. Хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дэд дарга айлчлан ирж, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд АНУ, Их Британийн Гадаад хэргийн сайд нарын айлчлал болов. ХБНГУ, Казахстан Улсын Ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр харилцааны түвшинийг Стратегийн түншлэлд хүргэж, Вьетнам улстай Иж бүрэн түншлэлийн харилцаатай боллоо.

– Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 6, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт 19-г зохион байгуулжээ.

-Монгол Улс нийт олон талт 6 гэрээнд нэгдэн орох дотоодын процедураа хангаж, Засгийн газар хоорондын 16 гэрээ байгуулсан. Түүнчлэн, байгууллага хоорондын 108 гэрээг байгуулах, бүртгэх, 137 гэрээний үйл явцад оролцлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг НҮБ-тай хамтран зохион байгуулж, “Тогтвортой хөгжлийн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргасан. Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, парламентын дэд дарга, сайд нар, 10 гаруй олон улсын байгууллага, гадаад дотоодын 800 гаруй манлайлагч эмэгтэй оролцсон билээ.

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг эхлүүлж, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Бэлтгэл ажлын албыг ГХЯ-ны дэргэд байгууллаа.

-Узбекистан улсад ЭСЯ шинээр, Индонез улсад ЭСЯ сэргээн нээлээ.

Ийнхүү манай гадаад харилцаа нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт зарчмынхаа хүрээнд тэнцвэртэй, идэвхтэй өрнөж байна.

Цаашид бид олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлогоо үргэлжлүүлэн, харилцаа хамтын ажиллагааныхаа хүрээг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх болно.

Тухайлбал, ирэх онд зарим улсад дипломат төлөөлөгчийн газруудыг шинээр нээж, агуулга, үр дүнд суурилсан айлчлал, арга хэмжээний давтамж, далайцаа хадгална.

Мөн хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг улам хялбар, шуурхай болгох, цахим үйлчилгээний тоо, чанарыг дээшлүүлэх, нэвтрүүлсэн системүүдийн тогтвортой ажиллагааг хангах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

Салбарын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, яам, гадаад улсууд дахь Дипломат төлөөлөгчийн газруудын ажлын уялдаа холбоог нягтруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх болно хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.