Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хийлээ.
Танилцуулгадаа, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тоонд хүрсэн тул 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, сонсгол явуулах сэдэв, тов тогтоох асуудлаа хэлэлцсэн гэлээ.
Ажлын хэсгийнхэн сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцаж, сонсгол хийх болон бусад зохион байгуулалтын ажлуудын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авахад, хамгийн богино хугацааг тооцоход нэгдүгээр сарын 23-ны өдөр болж байгаа. Үүнээс нааш зохион байгуулах боломжгүй байна. Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, энэ чиглэлийн бодлого, шийдвэрүүдийн үр дүн, технологийн шийдэл гэх зэрэг чиглэлээр дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлаж явуулах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага ч үүсч болзошгүй байгааг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тохирсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэл хотоор хязгаарлалгүй, Монгол Улсын хэмжээнд асуудлыг тавьж хөндөнө хэмээлээ.
Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл” сэдвээр, зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тусгасан байв. Ингээд уг тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.