Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарлав
Засгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 
Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо. 
2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн ЗГ-аас мэдээллээ.
 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.