“Баатарлаг Жангар” туулийг 1000 сурагч бүрэн эхээр нь хайллаа

 “Туульсын хаан Жангар-2024”  үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 1000 сурагч “Баатарлаг Жангар” тууль хайллаа.

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах үйл ажиллагааг Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа зохион байгууллаа. 

Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 1000 туульч хүүхдийг бэлтгэн туулийн 17 бүлгийг бүрэн эхээр нь хайлж алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чууллаа.

“Жангар” тууль хайлах үйл ажиллагааг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан 2023 оны хоёрдугаар сард анх удаа Алтай суманд зохион байгуулж байсан юм.

Туульс хайлах үйл ажиллагааны хүрээнд говийн тэмээчид баяраа тэмдэглэсэн нь өв соёл, ёс уламжлалаа дээдлэн, тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийг алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах чухал ач холбогдолтой байлаа гэдгийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.