Бөөрөлжүүтийн цахилгаан станц эрчим хүч нийлүүлж эхэллээ

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан бөгөөд тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.

Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшилсон байдаг. Тэгвэл ослын улмаас үүссэн эвдрэлийг засварлаж дууссанаар төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч эхэллээ. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилгыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.